Англи хэлэнд байдаг "Attitude" , "Behavior" гэдэг нь биеэ авч яваа байдал, гаргаж байгаа ааш араншин, бусдад хандах хандлага, ёс суртахууны төлөв байдал гэсэн утгатай үгнүүд юм.
Их өргөн хэрэглэгддэг чухал ойлголтууд. Энэ хоёр "үзүүлэлтээр" доогуур оноо авч байгаа хүн бол өөрийнхөө нэр хүнд, сүрийг их доошоо оржээ гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зүй бусаар авирладаг, бүдүүлэг харьцаатай, ёс суртахуунгүй, бусдад тааламжгүй (дээрэнгүй, дарласан байдалтай) ханддаг зантай хүн бусдад ямар ч нэр хүндгүй адлагддаг (ад үзэгддэг) гэсэн үг.
Ийм нэг нөхөр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад суугаад удаж байна. Удах тусмаа улам л мууддаг нь гайхалтай. Төрөлхийн гаралтай бөгөөд "цусанд" нь байдаг юм болов уу гэтэл анх "шинэков" байхдаа ийм ааш авир гаргаж байгаагүй болохоор үгүй ч юм шиг. Тэгэхээр "олдмол" характер болж таарах гээд байна л даа.
Энэ нөхрийн нэрийг Ц.Нямдорж гэдэг. Их Хурлын дарга хийж хүртэл үзсэн, хууль заслаа гээд огцорч байсан этгээд. Увс аймгаас олон жил сойсон "азарга" даа.
Манай парламентын ихэнх гишүүд харин хаа очиж дэндүү томоотой улсууд байх юм. Бас Их Хурлын гишүүн гэдэг нэр төрөө боддог биз ээ. Ер нь чуулганы болон байнгын хорооны хуралдаанууд дээр маргалдаж мэтгэлцэх, хааяадаа ширүүн үг чулуудалцах боловч ханатай байдаг гэхэд болно. Маргалдаж муудалцах юм байх боловч ерөнхийдөө тэнцвэртэй бөгөөд хэтрүүлдэггүй. Уг нь нэг иймэрхүү байвал адаглаад зодоон хийж онигоонд ордог Солонгос болон Энэтхэгийн парламентын гишүүд шиг интернетээр дэлхий даяар цацагдаж "шараа" болохгүй юм даа. Нямдорж эдгээр улсуудын парламентын гишүүн байсан бол мөн ч олон зодооныг үүсгэсэн байх байсан биз ээ. Ямар азаар Монголын парламентын гишүүн болоод "төрчихсөн" юм!
Харж ажиглаж байдаг мань мэтийн хүмүүст харин тэр 76 "ямаан" дотор ганц нэг иймэрхүү овилгогүй сагсуу юм байхаар содон тусах гэж. Тэр тусмаа тэр содон юм нь саар муу талдаа байвал бүр эвгүй зэвүүцмээр болох юм аа.
Энэ овилгогүй нөхөр Их Хуралд суусан цаг хугацаандаа мөн ч олон амьтны дургүйг хүргэж хэрүүл үүсгэх хэнгэрэгийн дохиур болж байсан даа. Ажил хэрэгч маргаан мэтгэлцээн биш, хэрүүл шүү! Мэдээж "зүгээр" хэрэлдэхгүй элдэвээр доромжилж басамжилдаг, дарамталдаг онцгой "авъяастай". Уг нь шартай аавын хүү байсан бол Нямдоржийн нармайг нээчихэж чадах л байх л даа, гэхдээ мань эрийн аз болоход нөгөөдүүл нь шаргүй дээ биш, арай илүү ухаантай болохоор биеэ сайн барьдаг, тэвчдэг юм байна. За би байсан бол ч давхиж очоод даравгарыг нь дахиад хүн доромжлохгүй болтол нь дарвайлгах байх даа.
Саяхан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр энэ хэрүүлч "нахал" их л ууртай яравгар амьтан хоцорч орж ирээд шууд л Сайханбилэг, Энхбат гишүүн рүү агсарч гарсан гэнэ дээ. Энхбатыг "Ногоон ч билүү хар ч билүү намын дарга" гэж доромжилсон байгаа юм. Гэтэл нөгөө доромжлуулсан Энхбат нь (Ногоон намын дарга) дараа нь ярилцлага өгөхдөө Нямдоржийг хүн доромжилж байгаагаа өөрөө мэддэггүй юм шиг байна лээ гэж "өмөөрсөн" байна лээ. Угийн тийм зантай гэж "цайруулж" байгаа юм уу даа. Ингэж тэр овилгогүй нөхрийн "толгойг нь илээд" байвал тэр хүн чинь дүрдээ улам итгээд, "олдмол" гажигаа "төрөлхийн" гэж бодчихоод дөвчигнөсөн хэвээрээ л байх болно.
Хамгийн сүүлийн мэдээгээр тэрээр шинэхэн гишүүн Тэмүүжинг дайрч доромжилжээ. Концессын тухай хуулийн төсөл хэлэлцэх үед Тэмүүжин гишүүн асуулт тавьж Нямдоржийн "төрөлхийн өвчинг" хөдөлгөж орхисон байна.
Тэмүүжин гишүүн "-...Хуулийн орчныг хяналттай, даацтай болгох тухай хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэхгүй байна. Энэ чиглэлээр хийж буй ажил байна уу? Сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэзээ гаргах вэ? Хууль зүй, дотоод хэргийн яаманд авилгатай тэмцэх бодлого байна уу?" гэсэн асуултууд Нямдоржид тавьжээ.
Одоо мань эрийн хариуд нь хэлсэн үгийг нь авч үзье:
Нямдорж : " -...Сонинд өгсөн ярилцлагыг чинь үзсэн. (7 сарын 1-ний хэрэгт судалгаа хийж дүгнэлт өгөх зорилготой Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийг даргалж байгаа Тэмүүжингийн саяхан сонинд өгсөн ярилцлагыыг хэлж байгаа бололтой. Зохиогч)
Юу хийгдэж байгааг мэдэхгүй байж том том дүгнэлт өгөөд байгаа чинь надад таалагдахгүй байна. (!)... Засгийн газрын хуулийг шүүмжлээд хэрэггүй. Бидний хийсэн ажил дутагдалтай байж болно. Улс төрд орж ирчихээд юм яриад сууж байхын оронд ядаж нэг хуулийн төсөл санаачлаад боловсруулаад үзэх хэрэгтэй. Энэ бол улс төрч хүний хийх ажил" гэжээ.
Нөгөө муу Тэмүүжинг чинь хоосон яриад суугаад байна, ядаж нэг хуулийн төсөл бичээд үз хэмээн загнан сургааль айлджээ. Уг нь Тэмүүжинг юу хийх ёстой тухай ярилцаагүй биз дээ. Эсрэгээр Их Хурлын гишүүн асуулт тавьж Хууль зүй дотоод яамны сайд нь хариулт өгөх ёстой үйл ажиллагаа явагдаад байгаа хэрэг шүү дээ. Гэвч энэ бол тэр бүдүүлэгт огт хамаагүй бөгөөд жаахан л шүүмжлүүлэх юм уу, ороогдоод эхэлбэл "төрөлхийн" зангаараа зүрх нь дэлсээд унадаг ажээ. Өөрт нь "таалагдаагүй" бол харин тэрийгээ "нууж" чаддаггүй хэлээд хаядаг "шударга" гар гэж байгаа.
Цааш нь Тэмүүжин: "-...Та дотоод хэргийн сайдаа сайн хийж байгаа, харин Хууль зүйн сайдаа хийж чадахгүй байна.." гээд хэлээдэхсэн чинь бүр "буруутаад" баларсан гэнэ. Нямдож: "-... Чи мэдэхгүй. Манай яамны хаалгаар ч орж үзээгүй байж. Хуульч болох гэж байгаа бол нэг хуулийн төсөл дээр ажиллачихаад том ярьж бай. Ус үзээгүй байж гутал тайлж, уул хараагүй байж хормой шуух хэрэггүй..." хэмээн аянга мэт ниргэн хөөрхий Тэмүүжинг таг болгосон юм байхаа.
Тэмүүжин зайлуул орчин үеийн бүтээгдэхүүн болохоор янз бүрийн эртний зүйр цэцэн үгний учрыг сайн ойлгохгүй, уул ус , гутал хормой гээд юу яриад байнаа хэмээн гайхаад хэлэх үггүй мад тавиулсан бололтой.
Нямдоржийн хэлсэнээр яамных нь хаалгаар шагайнгуут тэр яамны ажил, болон мань эрийн хийсэн ажил нүдэнд дурайгаад харагдаж байх юм байхаа. Энэ этгээдийн хэлсэн үгнээс ажаад байхад нэг юм илэрхий харагдаж байна. Тэр нь юу вэ гэхээр, Их Хурлын гишүүн хүн заавал хуулийн төсөл санаачилсан байх ёстой бөгөөд энэ нь гишүүн хүний хийх ажил юм гэж. Нямдорж "хөдөөнийх" юм болохоор заримдаа хуулиа уншаад "буруу" ойлгох, "андуурч" дураараа засаж өөрчлөх зэргээр "жижигхэн алдаа" гаргадагийг хэлтрүүлж байгаа нь бусад гишүүд болон сонгогчдын зүгээс "хүнлэг" энэрэнгүйгээр ойлгож өршөөж байгаа хэрэг гэж ойлгох нь зүйтэй. Гэхдээ тэр алдаа болгон дээр нь хэлж засаж авахаа бодмоор байгаа юм. Ухаандаа "Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах эрхтэй" гэдэг нь хууль санаачилж болно, бас санаачлахгүй байсан ч болно гэсэн хоёр салаа утгатай гэдгийг бусад гишүүд тэр нөхөрт байнга хэлж сануулж байвал яваандаа толгойд нь бат бөх суух бус уу. Тэгэхгүй бол тэр хүн чинь "төөрөлдсөн" хэвээрээ насыг барах нь байна шүү дээ. Хичнээн харамсалтай.
Бас хүнтэй харьцахдаа "Та" гэж дуудаж авгайлж байх нь их гоё гэдгийг тэр нөхөрт уйгагүй зааж өгмөөр байгаа юм. Уг нь манай хөдөөнийхөн чинь нас бага танихгүй хүүхэд залуусыг хүртэл "Та" гэж авгайлдаг сайхан уламжлалтай байсан даа. Нямдорж "хөдөөнөөс" гаралтай боловч багаасаа "хотжоод" тэр ёс заншлыг мартсан байж мэдэх юм.
Мань эртэй адилхан олон жил парламентэд сууж байгаа туршлагатай бусад гишүүд Их Хуралд байтугай Ардын армид оны ялгаа арилсан шүү гэдгийг цаадахдаа хэлж сануулж байхгүй бол шинээр орж ирсэн залуу гишүүдэд "оны ялгаа" гаргаж "хал цэргийн" авир гаргаад байна шүү. Энэ мэтээр хэлж ярьж сургаж байхгүй бол наад Нямдорж чинь бүр замаа алдлаа. Болохгүй бол нармайг нь нэг хоёр удаа нээгээд өгсөн ч яадаг юм! Тэр хүний сайн сайхны төлөө л хийж байгаа хэрэг шүү дээ. Нус гардаг газраас нь жаахан цус гаргахад гэмгүй байхаа, харин ч даралт нь буурах сайн талтай. Тэгээд болохгүй бол гишүүнээс нь татаж буулгаад "шарыг нь шувталж хар" болгохоос доо. Өөр аргагүй мэт.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: