Боож үхэж босож хараймаар явдлууд ба Кореан Айр , Досан групп компаниудад талархах учир нь

Бас л "үзгээ" шүүрч авахгүй бол болохгүй нь. Цаана чинь янз бүрийн юм дуулдаад нерв хөдлөөд бичихгүй байж чадашгүй нь. Өнөө гайтай "гахайн ханиад" гээч нь орж ирээд бас ядарсан улсад нэрмээс болж эхэллээ. Гадны голомттой улсаас ирж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулах, бүр болдоггүй юм бол эхний 2 долоо хоногтоо амны хаалт зүүж байх ам өчгийг нь авч гар хөлийнх нь үсгийг зуруулж оруулж баймаар юм. Эхний 7-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол вирус тээгээгүй байна гэж үзээд амны хаалтны "горимоос" чөлөөлөгдөх жишээтэй. Ядарсан арга. Гэхдээ энэ өвчнийг басаж болохгүй учраас л манай мэргэн ухаантнууд ямар нэгэн сэргийлэх арга бодож хэрэгжүүлмээр байгаа юм. Улаан номонд орохоо шахаж ховордсэн Монголчууд энэ тахлаар сүйрч мэдэх учраас тоглоом биш шүү гэж. Сонинд бичигдсэн юмыг уншиж байхад нэг л үл тоосон, ялангуяа эрүүл мэндийн яамны ноёд их сандарч тэвдсэн байдалгүй, тун "дажгүй" биеэ барьсан тайван ярьж байх юм даа. Сандраад байхаар юм биш гэсэн аястай. Сая өнгөрдөг долоо хоногт л гэхэд АНУ-д 11 хүүхэд энэ өвчнөөр нас баржээ. Тахлын хэмжээнд авч үзэж байгаа энэ өвчнийг "басалгүй" онцгой арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдгийг тэр хариуцсан албан тушаалтнуудын толгой руу нь тоншиж байгаад хэлэх юмсан.

ДОХ гээчийнх нь халдвар авсан 61 дэх хүн бүртгэгдлээ л гэнэ. Эдгээр хүмүүсийн цаана лав 500 тээгч яваа гэж байна. Тэр 500 тээгч бас цааш нь "дамжуулж" л байгаа байх даа, бурхан минь! Энэ тал дээр бас л их тайван назгай хандаад байх шиг. Сэрэмжлүүлж (айлгаж) байгаа, яавал хамгаалж болох тухай зөвлөлгөө өгч байгаа юм байна уу? Хааяа нэг бэлгэвч тараадаг байх даа. Эрт урьдын цагт эхнэр нөхөр хоёр нөгөө бэлгэвчээ усанд чанаад "хандалж" уугаад нэмэр болоогүй гашуун туршлагаас одоо сургамж авсан байх магадлалтай ч хүмүүс тэр болгон түгээмэл хэрэглэж заншсан болов уу даа. Бэлгэвчийг яаж зөв хэрэглэх болон бусад бэлгийн зөв харьцааны тухай мэдлэг өгөх зорилготой хичээлийг дунд сургуулийн ахлах ангид зааж байхад гэмгүй л болов уу. Гэмгүйгээр барах уу, шаардлагатай байх.

Хотын нэг цэцэрлэгийн туслах багш нэг нас 5 сартай (!) хүүхдийг нүүр амыг нь хавдтал, тархийг нь хөдөлтөл алгадаж унагасан гэнэ. Нөгөө хүүхэд гэртээ хариад бөөлжөөд гүйлгээд унангуут мэдэгдсэн юм байх. Хүүхдийн хийсэн хэрэг нь унтах цагаараа унтаж өгөхгүй хажуудах хүүхэдтэйгээ тоглоод дүрсгүйтсэн юм байхаа. Тийм жаахан амьтныг алгадаж байдаг бас "фашист" маягийн араншинтай зэрлэг эмэгтэй байна. Батцэцэг гэдэг залуухан бүсгүй гэнэ. Хамгийн сонирхолтой бөгөөд эмгэнэлтэй нэг асуудал бол тэр хохирсон хүүхдийн эцэг эх нь Батцэцэгт "гомдоогүй" гэсэн учраас мөнөөх зэрлэг бүсгүй ажлаасаа халагдаад л өнгөрсөн юм гэнэ шүү.

Бариачаар хэдэн хоног бариулаад засрал олсон ч нялх амьтны тархинд ямар нэгэн битүү гэмтэл, согог суусан байхыг хэн мэдлээ. Тийм хожим илэрч мэдэх гэмтэл, эсвэл тархинд нь ямар нэгэн муу нөлөө үзүүлээгүй байгаасай гэж найдая. Гэхдээ шударга ёсыг барина гэвэл тэр хүүхэн үйлдсэн хэрэгтээ шийтгэл хүлээх л ёстой. Гэтэл эцэг эх нь гомдолгүй гэхээр Хан уулын цагдаа хэргийг нь хаасан гэнэ. Гомдолгүй гэхээр хэрэгтэн ялгүй өнгөрдөг энэ хачин "уламжлалаа" халах цаг болжээ. Ер нь ийм хачин юм байж таарахгүй; манайхаас өөр улсад ийм практик байдаг юм болов уу даа.

Тэр жаахан амьтны "нэрийн өмнөөс" аав ээж нь "том толгой" гаргаж хэрэгтнийг өршөөжээ. Гэтэл тэр хүүхэд насан туршийн гэмтэлтэй үлдээд яваандаа тэр нь илэрч том болсон хойноо унаж тусдаг өвчтэй болчихвол аав ээждээ харин гомдохоор барахгүй юм болох байх даа. Түүнээс гадна тэр зэрлэг хүүхэнд сургамж болгож шийтгэл хүлээлгэх нь цаашдаа дахиж хүүхдэд гар хүрэх нь ялтай юм байна шүү гэдэг ойлголтыг өгч сургамж болох , мөн бусад алганы амт үзүүлдэг сурган хүмүүжүүлүгч нарт анхааруулга сануулга болох учиртай байсан юм.


Хуулиараа бол иймэрхүү "хөнгөн" гэмтэл учруулсан бол мөнгөн торгууль эсвэл 1-3 сар хорих ялтай юм гэнэ. Энэ жаахан өөдөс шиг юманд том нас бие гүйцсэн амьтны алгадалт ч " хөнгөн" байгаагүй байх аа. 5,6 нас хүрсэн хүүхэд бол бас гайгүй байх гэж болохсон. Ер нь Монголчууд хүүхдийг 5 нас хүртэл нь зодож гар хүрэхийг цээрлэдэг байсан гэж дуулсан. Бас л учиртай. Таван нас хүртэлх үед хүүхдийн тархи, бие эрхтэн нь сайн бэхжиж өсөөгүй хэврэг байдагтай холбоотой байх. Ой таван сартай хүүхэд шүү, бодохоор уур хүрээд байх юм. Тэнэг юмнуудыг цээрлүүлэхгүй "өршөөж" гайхуулж байгаа ээж аав нь ч таарсан малнууд.

Хүүхдэд хэрцгий хандаж гар хүрдэг багш, асрагч нарын хийсэн хэргийн тухай урьд өмнө бас л сонсогдож байсан. Сонгинохайрханы хүүхдийн клиник сувиллын асрагч Болop-Эрдэнэ гэгч танхай эмэгтэй бас ой 3 сартай хүүхдийг өмдөндөө баалаа гэж уурлан багалзуурдан боож унагасанаас болж уг хүүхэд 2 өдөр сэхээнд орж нэг амьд үлдсэн түүх байна. Энэ асрагч зохих ялаа авч 7 жилээр шийтгүүлсэн билээ.

Саяхан агаарын чанарын албанаас хотын агаарт шинжилгээ хийгээд гарсан үр үнг нь мэдээлжээ. За энэ мэдээгээр бол бид удахгүй утаандаа хордоод "дуусах" юм байна. Өөрсдийгөө устгах юмаа л хийгээд байна шүү дээ. Тэрийг нь нөгөө төр засаг нь анхаарч түгшүүрийн харанга дэлдэж байгаа юм алга. Ёстой өнөө маргаашдаа мэнд мэлтийж байвал болоо гэсэн аятай. Монголчуудыг мөхөөх, устгах мэдээж олон арга байгаа. Түүн дотроос аюултай "аргын" нэгэнд энэ утаагаар хордуулах арга орно. Бас нэг арга нь архиар сайн угжиж бүгдийг нь архичин болгох явдал. Өөр нэг арга бол эм хүйстэйг нь гадагш нь гаргаж "цус сайжруулсанаар" цэвэр цусны Монгол хүн ховордож улмаар жам ёсоор устаж үгүй болох явдал юм.

Эдгээр аргуудыг гадаадын "дайснууд" хэрэглээд байгаа юм биш, бид өөрсдөө "хэрэглээд" байгаад л гол учир нь байгаа юм. Эдгээрээс дээр дурдсан агаарын бохирдлоор Монгол хүнийг хэрхэн хордуулж устгах "аргын" тухай авч үзье. Бусад аргынх нь тухай дараа хөндөж ярихыг бодъё.


АГААРЫН БОХИРДОЛ биднийг яаж хөнөөх тухай:


- Барилгын материалын үйлдвэрүүд агаарт тоосонцор ихээр бий болгож хүний уушгийг гэмтээж хатууруулдаг учраас Монголчууд яваандаа уушиггүй болж нас нь богиносон эрт чад хийнэ. Шийдэх арга нь: Тоосонцор үүсгэдэг иймэрхүү үйлдвэрийн газруудыг хотоос холовтор, салхин дор нь байгуулах ба нүүлгэн шилжүүлэх


- Автомашины утаагаар агаараа бохирдуулсанаар агаарын найрлагад байгаа хүхрийн хий нь уушгийг цоолж, хар тугалгатай бензин хэрэглэсэнээр хүний тархи мэдрэлийн эд эсийг гэмтээж, үүний улмаас Монголчууд эрүүл уушиггүй болж мэдрэл муутай богино настай хүнэнцэр болох хувирч цөөхөн наслаад хурдан чад болно.
Шийдэх арга нь: Өндөр настай, "тэтгэвэртээ" гарах нас нь болсон машиныг заазалж (гэхдээ хүчээр биш бодлогоор шүү), аль болохоор хорт утаа бага ялгаруулдаг орчин үеийн шинэ машиныг дэмжиж, хар тугалгагүй бензин хэрэглэдэг, цахилгаанаар явдаг тээврийн хэрэгслийг түлхүү нэвтрүүлж хэрэглэх


- Гэр хорооллынхон хотыг бараг бүслэж аваад зуухандаа нүүрс, хаймар шатаан агаар бохирдуулсанаас болж уг хорт бодис нь элэгний хорт хавдарыг үүсгэж , мөн эрэгтэй хүүхдийн үр тогтоох чадварыг үгүй болгосоноор Монголчууд яваандаа элэгний өвчнөөр эртхэн залуудаа бурхан болж, хүүхэд "хийх" чадваргүйн улмаас авгай аваад ч нэмэргүй болох бөгөөд залгамж халаагаа үлдээж чадахгүй болохоор тоо болон чанарын хувьд муудсаар мөхөх нигууртай.
Шийдэх арга нь: Гэр хорооллын "дайснуудыг" үтэр түргэн орон сууцжуулж, бетонон байшинд суух дургүй, уламжлалт "эсгий оромжиндоо" үнэнч айлуудын халаалтын асуудлыг утаагүй байдлаар шийдэж өгөх. (цахилгаанаар халаадаг ч юм уу, эсвэл хорт утаа маш бага буюу огт ялгаруулдаггүй түлшээр хангах)

Энд нэг анхаарах зүйл бол хотын гэр хорооллыг шинээр загвар гаргаж байгуулах нь чухал, өөрөөр хэлбэл, нэгдсэн цэвэр бохир усны шүлжээнд холбогдсон, эмх цэгцтэй замбараатай байгуулах нь чухал. Гэр хорооллын ил задгай бохир, жорлон муу уснаас гарч байгаа шивтэрийн хий гээч нь бас агаарыг чамгүй бохирдуулж Монголчуудыг шивтэрээр хордуулж байна.
Шийдэл нь: дээрээс үзнэ үү.

Авилгатай тэмцэх газрын дарга Сангарагчаа гэж нэг сайхан дураараа нөхөр байнаа. Энэ нөхрийг зайлуулахгүй бол болохгүй нь ээ. Улсын мөнгөөр ажилчиддаа байр сав авч өглөө гээд л хэвлэлээр шуугиад байсан чинь саяхан өөр бас олон булхай илэрсэн бололтой юм. Тэр булхайнаас нь товч дурдая:

- Усан спортоор хичээллэхэд зориулж 11 сая төгрөг зарлагадаж гэнэ. АТГ-ын ажилчид усанд сэлж сурахгүй бол, эсвэл тогтмол бассейнд булхаж тоглож байхгүй бол ажлаа хийж болохгүй болж гэнээ.

- Автомашины цонхны хальсанд 8.5 сая төгрөг. АТГ хэдэн машинтай юм бүү мэд. Хэд ч байлаа гэсэн цонхны шилээ "тент"-тэй болгохгүй бол авилга илрүүлж чадахгүй байгаа юм уу хаашаа юм? Мэдэж ийм их мөнгөөр албаныхаа тэргүүдийг "тентлээд" барахгүй цаана нь илүү гарах тул далимаар нь хувийнхаа чийчаанууддаа бас хальс наагаад аваа биз.
Даварсан гэж энийг л хэлэх байх.

- Оосортой модон гэр бүхий бал авахад 230000 төгрөг зарж гэнэ. Ийм бал иддэг газар юм уу хаашаа юм?
- 280000 төгрөгөөр 20 ширхэг бал авч гэнэ. Нэг бал 14000-аар авчээ. Хүний юмаар хүүдэгнэх гэж нэг үг байдаг даа. Сангарагчаа гуай мань мэтийн төлсөн татварын мөнгөөр тонгочиж байгаа жишээ энэ буюу. Ийм үнэтэй бал байж болох боловч заавал үнэтэй бал хэрэглэхгүй бол ажил хийж болохгүй, авилгатай тэмцэж болохгүй байгаа биз? Тийм гэж битгий малтаарай!

- Аянчин дэлгүүрээс элдэв хувцас авч нийт дүнгээрээ бараг 22 сая (!) төгрөг зарсан гэнэ. Бас энэ дэлгүүрээс майхан, хөнжил, гутал гэх мэтийг авахад нийт 40 сая (!) төгрөг зарцуулжээ. Аянчин дэлгүүр миний дуулсанаар гадны компаниудын үнэтэй хувцас хэрэглэл зардаг гэсэн. Ер нь АТГ-ынхан зугаалж цэнгэх зориулалттай эд зүйлээ улсын мөнгөөр аваад байдаг ямар учир байнаа? Даврахын дээдээр даварчээ!

- АТГ-ын ажилчид балет үзэж стрессээ тайлахад зориулж 726000 төгрөг гаргасан байна. Хувиасаа биш шүү! Хувьсгалын мөнгөөр тансаглаж байгаа нь энэ.

- Тэгээд л видео камер 5 саяар, майхан 1.7 саяар гэхчлэн бас бус зардлууд дурайж байна гэнэ шүү.
Ёстой даварсан Баагий гэж энэ Сангарагчааг хэлэх байх. Ерөнхийлөгч болон УИХ эрхбиш энэ тухай яаралтай арга хэмжээ авч зохицуулахгүй бол АТГ гэж ажлаа хийхгүй мөртөө ууж идэхээрээ уургын морь шиг газар болсон байна шүү. Тэр авсан бүх эд зүйлсийг зарж, улсад мөнгийг нь тушаалгах хэрэгтэй. Тэд нарыг тансаглуулах гэж бид мөнгө төлж байх ёстой юм уу.

Хотын замыг засаж сайжруулах гэж баахан юм болж байж хэдэн замаа зассан болсон боловч цаана нь бас дутуу зам байгаа юм байна. Ерөөсөө хоорондоо ажлын ямар ч уялдаа холбоогүй, зохион байгуулж байгаа газар, удирдлага нь аль ч шатандаа ямар ч чадваргүй, энэ ажилтай холбоотой байгууллага, албан газруудын арчаагүй үхээнц, хөшүүн хойрго байдал зэрэг нь зам засах, шинээр өөрчлөн барих энэ бүтээн байгуулалтын явц, чанар, хэрэгжилтэнд саад тотгор болсон гэхэд үнэнд нийцнэ. Ерөнхий сайд нь хүртэл олигтой мэдээлэл ч аваагүй байж хэн нэгнийг нь илүү буруутган туйлширч арчаагүй зан гаргаж байсан тухай би өмнө нь бичсэн билээ. Зам барьж байгаа компанид ажлаа хийх бүх л боломжийг чөлөөтэй хангаж өгөхийн оронд эсвэл мөнгөө бүрэн гүйцэд шилжүүлэхгүй санхүүжилтээр доголдуулах, эсвэл бусад холбогдох газрууд нь үйлдэл ба эс үйлдлээр садаа болж байсан явдал замын ажлыг удаашруулж, хугацаанаас нь хоцроож, заримыг нь бүр (жишээ нь нөгөө Маршалын гүүр) хойтонгоос наашгүй болгожээ.

Хэдэн жишээ татая:

-Замаа өргөтгөх явцад саад болж байсан шонгуудаа Цахилгаан Тээвэр компани (троллейбусны компани) зайлуулахгүй саад болж байсан гэнэ. Энэ хачин заваан байдлаас болж алдсан хэдэн өдөр ямар ажил амжуулж болох байсныг төсөөлөхөд хэцүү биш.
- Газар доор байсан кабелиудаа Эрчим хүчнийхэн зайлуулж шилжүүлэхгүй саад болж байсан гэнэ. Юу ч гэхэв дээ.
- Албан байгууллагууд зам тулгаж барьсан хашаа,хайсуудаа татаж авахгүй саад болсон гэнэ.
- Иргэд өөрсдийн ТҮЦ, дэлгүүрээ зайлуулж талбай чөлөөлж өгөхгүй бас саад болж байжээ.
Уг нь энэ бүхнийг замын ажил эхлэхээс өмнө бүрэн шийдэж, тухайн ажлын явцад шийдэхийг нь цаг тухайд нь зохицуулах тухай албан газруудтай тохирсон байх ёстой байсан юм. Даанч манайханы зохион байгуулах чадвар муу, арчаагүй удирдлага, менежерүүдийн арчаагүй байдлаас болж ийм хачин бантан шиг ажил болж өнгөрч байх шиг байна. Ажил зохион байгуулах чадвартай, бизнесийн удирдлага гээчийг мэддэг хүмүүсийг олж тавихгүй бол ийм байдлаар ажлаа явуулаад байвал бид хэзээ "бар" болноо?!

Говь-Алтайн Бигэр суманд 10000 гаруй "нинжа" алт ухаад ёстой нэг сэндийчэж өгч байгаа юм байх. Тэр хавийн газар ч гэж яг л бөмбөгдөөд орхисон дайны талбар шиг болсон гэнэ. Хайран сайхан байгалийн төрх нь алдагдаад хүн мал явахад хэцүү газар болжээ. Аймгаас болон хотоос цагдаа, хүн хүч очоод тэрхүү үлийн цагаан оготно шиг нинжануудыг хөөж явуулж байгаа боловч хүч хүрэхгүй байгаа юм байх. Хөөрхий нинжануудыг буруутгах аргагүй боловч байгалиа ингэж сүйтгэхийг нь яагаад ч зөвшөөрөмгүй. Тэд нарыг хөгөөд явуулахаар хэсэг байж байгаад харуул хамгаалалт байхгүй болохоор дахиад хүрээд ирдэг гэж албаны хүн гомдоллож байх нь өрөвдөлтэй. Улсын дугааргүй машин хөлөглөөд л энэ нинжанууд цагдаа нартай муур хулгана болж тоглоод удаж байгаа бололтой. Арчаагүй ч цагдаа, арчаагүй аймгийн удирдлага бол доо. Ганц энэ аймгийн сум ч биш, бас өөр газар ингэж ухаж сэндийчсэн олон газар байдаг гэнэ. Энэ асуудлыг шийдэж болох арга, чадвартай байгууллага, хүмүүс байхгүй юм байх даа, Монголд.

Саяхны УИХ-ын хуралдаан дээр нэг асуудал хэлэлцээд санал хураах болсон чинь хурлын танхимд ердөө 20 гишүүн тормойн үлдсэн байж гэнээ. Бусад нь гараад явчихсан байж гэнэ. Спикер маань толгойгоо маажаад яадаг юм билээ гэж байтал ашгүй хэн нэг нь нийт 53 санал өгдөг карт шургуулаастай байгааг хэлж гэнэ. Өөрөөр хэлбэл, 33 карт шургуулаастай боловч эзэд нь гараaд явчихсан байж л дээ. Амьгүй албат гэдэг шиг юм болж. Амьтай ба амьгүй албатын тоо нийлээд 53 хүрсэн тул санал хураахад ирц хангалттай гэж үзээд санал хурааж гэнээ. Амьтай 20 албатууд амьгүй 33 албатын "мартаад" явсан картыг ашиглан кнопыг дарсанаар нийт 44 дэмжсэн санал тоологдож, дарж амжаагүй 9 карт эсрэг санал "өгчээ". Амьтай албатуудаас зарим сэргэлэн нь 2-3 амьгүй албатын нэрийн өмнөөс санал өгсөн гэнэ. Энэ чинь одоо хуулиараа "ариун явдал" гэж зөвшөөрөгдсөн юм уу? Хуулиа хэлэлцэж эцэст нь саналаа өгөх чинь эрхэм гишүүн бүрийн хийх ёстой ажил баймаар юм. Өөр ямар чухал ажил гараад үндсэн ажлаа хаяад, хэн дуртай нь миний өмнөөс кноп дээр дарчихаарай гээд картаа орхиод явдаг байнаа? Тэр танхимд суугаад хуулиа хэлэлцээд үйлдвэрлээд бай гэж цалин авч байгаа биш бил үү?

За баахан нервтлээ. Ядаж ганц гялтайх сайхан мэдээ хэлээд дуусгая даа. Ноднин 7 сарын нэгэнд Монголын харгис цагдаад буудуулж хөлгүй болох аюултай тулгараад байсан 2 хүүхэд Өмнөд Солонгос явж эмчлүүлэх болж гэнээ. Э.Энхтөр ба Ж.Батзаяа (17 ба 18 настай) хоёрын Солонгос дахь эмчилгээний зардлыг Кореан Айр компани ба Досан групп хоёр дааж байгаа юм байна. Их баярлалаа гэж хэлье! Хувийн зүгээс болон та бүхнийг энэ хоёр компанийг дэмжиж аль болохоор боломжоороо тэдний бизнесийг авч үйлчлүүлж байвал бид нарын талархалаа илэрхийлэх бас нэг хэлбэр болох юм шүү гэдгийг хэлэх байна. Түүнчлэн МИАТ компани бас тэр хоёрын зардлыг дааж байгаа юм байна. МИАТ-ад бас баярлалаа гэж хэлье!

 

 

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.