Энхийн тагтаа заавал цагаан байх ёстой гэж хэн хэлж байгаа юм?

Хүнийг арьсны өнгөөр гадуурхдаг, нийгмийн байдал, биемахбодийнх нь хэлбэр бүтэц, тэр ч байтугай эрхэлдэг ажил мэргэжлээр нь хүртэл ад үзэж алагчилдаг моод Монголд их дэлгэрч байнаа. Барьдаг гар утсаар нь хүнийг эрэмбэлж ангилдаг гэнэ. Бүр тэр утасных нь дугаараар шүү! 96...., 88...-аар эхэлсэн дугаартай улсууд бол хүнд нэг их тоогддоггүй гэнэм. Нүдний өнгөөр нь бас ялгаварланаа. Муухай ногоон нүдтэй, муур шиг шар нүдтэй гэх. Манай муу Элбэгээг намхан нуруутай гэж ирээд баахан доромжилж билээ, энэ МАХН-ын малууд. Хүнд чинь бас нэг "совесть" гэж нэг юм байх ёстой доо уг нь. МАХН ч өөрт л ашигтай бол хүн доромжлох, бөгсөө худалдах, эхтэйгээ охолдож өлхөн чадна гэдгээ харуулсан даа.

Харууд гэж үйлээ үзэж зовж байгаа улсууд байнаа. Америк тивийг эзэгнэсэн цагаан арьстанууд яаж адгуусны авир гаргаж муусайн харуудыг өчнөөн жил тамласан билээ дээ. Манайд ч бас энд тэнд хар арьстантай төстэй, эрлийз гэмээр хүн явж байвал бас ярвайх маягтай. Яаж Эзэн Чингис маань Африк тивийг эзлээд баахан хар хүмүүс ачаад ирчээгүй юм. Тэгсэн бол хөөрхий харууд тамаа цайхгүй юу. Хятадад нэг хар явж байсан чинь хэдэн хужаа дагаж гүйгээд л, сармагчин шиг аяглаж, дуу авиа гарган доромжилж байсан тухай уншиж байснаа санаж байна.

Оросууд гэж дээрдээд байх юмгүй улс байна. Сая сонгогдсон хар Ерөнхийлөгчийг улаан эсэргүүцээд барсангүй дээ. Америкт байгаа Оросууд (Америкийн иргэн болчихсон) Обамагийн эсрэг санал өгөөд нэмэр болсонгүй. Тэд нарт цагаан арьстан л сонгогдож байвал аль намынх байх нь онц чухал биш бололтой.
Энэ жилийн Нобелийн шагналыг Америкийн шинэ Ерөнхийлөгч Обамад олгосон чинь муусайн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч (АӨЯГ) хог шаарнууд боож үхэх гэж байх шиг байна. Дээрэлхүү Оросын бүдүүлэг Жириновский мэтийн мунхагууд Обамаг энэ шагналыг авах зүйл хийгээгүй гээд шагналаас татгалзахыг зөвлөсөн ч гэх шиг. Харин хаа очиж нөгөө улаан хувьсгалч Кубын Кастро энэ шагналыг эзэндээ очсон байна гэсэн байх юм.

Манай Баабар юу гэж бодож байгаа бол доо. Энэ муу энхийн хар тагтаа  шагнуулаад байх даа яадгийн гэж байж мэдэх л байх. Учир нь мань хүний бичиж байгаагаар бол Обама энхийг тогтоож, хүчний тэнцвэрийг хадгалах биш харин эсрэгээр тэнцвэр алдагдуулж их хортой бодлого явуулж байгаа билээ. Баабарын үзэж байгаагаар дэлхий дээр энх тайван байдлыг "дайнч шонхор Буш" тогтоож байсан бөгөөд "энхийн хар тагтаа" хэзээ ч ингэж чадахгүй юм гэнэ лээ. Гэхдээ хүчээр, зэвсгийн чадлаар энх тайван тогтдог бол аль хэдийн хүн төрөлхтөн дайнгүй амар жимэр байх байсан болов уу. Даанч тийм биш гэдэг нь нотлогдсоор байгаа бус уу?
Одоо хүчээр биш, эвээр асуудлыг шийдэх цаг болсон. Осама, Обама хоёр дайсан биш найз байж болох л байсан. Яагаад Осама Америкт өширхөж аллага үйлдэх болов гэдгийг л бодох ёстой байхгүй юу. Юманд учир , суманд занги гэж.

Ерөнхийлөгч Обама сонгогдсон цагаасаа эхлэн найртай бодлого явуулж, Бушийн "буянаар" дахиад хүйтэн дайны хөшигний цаана ороод байсан улсуудтай ойртон дотносож , тэр ч байтугай Америкийг үзэж чаддаггүй орнуудтай нөхөрсөг харьцаа тогтоохыг оролдож эхэлсэн билээ. Нобелийн шагнал авах болзлыг хангахад нөлөөлсөн гол хийсэн ажлууд нь:
- Куба дахь Гуантанамо шоронг хаах шийдвэр гаргасан
- Иракаас Америкийн цэргүүдийг гаргах шийдвэр
- Дэлхийг цөмийн зэвсэггүй болгох санаачлага
- 1953 онд сонгуулиар шударгаар сонгогдсон Ираны Ерөнхийлөгчийг АНУ хууль бусаар түлхэн унагасаныг хүлээн зөвшөөрсөн явдал
- Кайро хотод нийт Ислам шүтлэгтэнгүүдэд хандаж хэлсэн үг
- "Терроризмын эсрэг дайн" гэгч утгагүй үгнээс татгалзсан явдал
- Хоригдол ялтанг тамлах , эрүү тулгах явдалд цэг тавьсан

Ер нь Мистер Моорын хэлсэнээр "хулганыг алахын тулд тэсрэх бөмбөг барьчихаад гүйгээд байх"  нь утгагүй юм. 9/11-ний аллагаар 3000 хүний амийг хөнөөсөн этгээдийг олж цээрлүүлэх нь зүй боловч энэ ажлыг танкны хүчээр хийх шаардлагагүй юм гэдэг нь үнэн. Яагаад гэвэл Осама чинь гэмт хэрэг хийсэн нэг муу хулгана шүү дээ. Ямар бүхэл бүтэн арми биш, улс биш.

Өөр улсын хэрэгт хөндлөнгөөс оролцож, урт хошуугаа дүрж, өөрийнхөө тааллаар зохицуулж зааварлах гэж оролддог, өөрийнхөө сонирхлыг тулгадаг хэдэн том гүрний дээрэнгүй бодлого, тэдний ашиг сонирхол, нөлөөгөө тогтоох гэсэн өрсөлдөөнөөс үүдэлтэй бүлэглэл талцал нь аливаа зөрчил, самуун, сөргөлдөөнд цаашилбал дайнд хүргэж байгаа юм. Эхээс төрөхдөө хар арьстай төрсөн нь тэр хүний "буруу" биш ("хар" арьстай байна гэдэг ГЭМ гэж үү?) гэдгийг зөвшөөрч байгаа бол Хойд Солонгос коммунист дэглэмтэй байгаад дургүйцээд байх хэрэггүй баймаар. Тэр улс толгойгоороо хөл хийнэ үү, хөлөөрөө толгой хийнэ үү, хэнд пад байнаа?

Ардчилалыг тогтоох нь Америкийн ариун үүрэг гэнэ. Тийм ч учраас муу Саддам Хуссейныг зайлуулж, ардчилсан Иракыг байгуулахаар ариун дайнд мордоод юу хожив? Баахан цэргүүдээ алуулаад, триллионаар нь доллараа агаарт цацаад л дуусч байх шив. Иракийн дайнд АНУ өдөрт 720 сая доллар зарлагадаж байгаа гэнэ! Өдөрт шүү! Минутанд 500000 (хагас сая) доллар гэнэм. Өөрийнх нь улсад сая сая ажилгүйчүүд, орон гэргүй гуйлгачин, ядуугийн улмаас коллеж, их сургуульд орж чадахгүй мянга мянган хүүхдүүд гээд л түмэн зовлон, шийдэх асуудал байхад харь улсад өдөрт 720 сая доллар зарж байна гэдэг чинь ариун явдал уу? Тийм ч учраас Америкчууд цэргээ татна гэдэг нь өөрсдөд нь хэрэгтэй маш чухал шийдвэр юм.

Дээр нь нэмээд Афганистанаас цэргээ татчихвал болох нь тэр. Афганистаны дотоод асуудлыг тэр улс өөрсдөө дотооддоо зохицууулаад шийдэх ёстой болохоос Орос ч цэргээ оруулж коммунизм тогтоогоод нэмэргүй, Америкчууд ч танкын хүчээр ардчилал тогтоох ёсгүй юм уг нь. Талибан нь дийлээд дэглэмээ тогтооно уу, Карзай нь дийлээд ноён сууна уу, хэнд хамаатай юм? Өөрсдийнхөө асуудлыг дотроо шийдэх эрхийг ямар ч улс бай эдлэх ёстой бөгөөд хэн нэгэн гаднаас зааварлах, оролцох ёсгүй. "Хошуу нэмж" оролцож болох ганцхан субьект нь НҮБ юм. Гэхдээ өнөөгийн НҮБ -ийн засаглалын хувиарлалт бас л буурай улсуудад (буюу олонхи болж байгаа хэсэгт) тэнцүү биш, харин хөгжингүй чадалтай гүрнүүдэд (цөөнх болох хэсэгт) ашигтай байхаар хийгдсэн болохоор тэр болгон шударга шийд гарна гэхэд эргэлзээтэй. Цөөнх болсон хэдэн том гүрнүүд Аюулгүйн зөвлөлийн гишүүн нэрээр бусад орнуудын хувь заяаг шийдэж байна шүү дээ.

Өөрсдөө шүдээ хүртэл зэвсэглэчихээд бусад жулдрайнуудыг галаар хамаагүй тоглох гэлээ гээд л хавчиж, гадуурхаж боож хаадаг. Эдийн засгийн хориг арга хэмжээ нэрээр тухайн улсын ард түмнийг гадаад ертөнцөөс тусгаарлаж өлсөж үхэх үйл явцыг нь түргэтгэж "буян" үйлддэг. Энийгээ их энэрэнгүй зөв бодлого, арга хэмжээ авчихлаа гэж сурталдахийг яана.

НҮБ-ийн шинэ босс болсон тэр Хангуг залуу чинь харин их зөв санаачлага гаргаж байна лээ. Дэлхийн бүх улсууд цөмийн зэвсэгээс татгалзаж , цөмийн зэвсэггүй гариг болгоё гэж уриалж байна лээ. Ер нь хэдэн цөмийн зэвсэгтэй дээрэлхүү гүрнүүд энэ тал дээр бас алаг үзсэн бодлого явуулдаг гээд бодохоор ямархуу шударга гарууд гэдэг нь харагдаад байгаа юм. Ухаандаа Хойд Солонгос, Иран, Сири гэх мэтийн улсууд цөмийн зэвсэгтэй болох гэж байна гээд л сандралдаад боож үхэх гээд байгаа мөртөө аль хэдийн нууцаар тийм зэвсэгтэй болчихсон Израйль, Пакистан, Энэтхэгийн тухай таг. Тэгж яривал Хойд Солонгос тэр Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарчихсан учраас ямар нэгэн үүрэг хүлээх шаардлагагүй баймаар.

Энэ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх Гэрээг өөрчилж ямар ч улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх, хадгалах, хэрэглэхийг хориглохоор зааж өгөөд дэлхийн бүх улс, том жижиггүй гарын үсэг зурж нэгдэхээр хийх хэрэгтэй. Бүх улс нэгдэж орсоны дараа бүгдийн хамтарсан хяналтын дор одоо байгаа бүх цөмийн зэвсэгийг устгавал зохино. Одоо мөрдөгдөж байгаа гэрээгээр НҮБ-ийн Аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн (Орос, Хятад, АНУ, Их Британи, Франц) орнуудыг цөмийн зэвсэгтэй байж болноо гээд зөвшөөрөөд дархалчихсан бөгөөд бусад нь болохгүй гээд байгаа нь яагаад ч шударга байж таарахгүй.

Тэр тусмаа уг гэрээгээр цөмийн зэвсгийг устгах тухай заасаар байтал эдгээр гүрнүүд тэр тал дээр юу ч хийхгүй байгааг тэдгээр улсууд бусдаас илүү давуу байдлаа хадгалж, "жанжлах" бодлогоо хэвээр хадгалж үлдэх сонирхолтой байна гэж л тайлбарлахаас өөр арга алга. Энэ гүрнүүд өөрсдөө санаачилж цөмийн зэвсэггүй болох шинэ Гэрээг байгуулж үлгэр үзүүлэх хэрэгтэй. Тэрнээс нааш энэ байдал өөрчлөгдөхгүй. Одоогийн байдлаар цөмийн зэвсэгтэй болж чадах чадвартай 35-40 улс байна гэж бодоход байдлыг аль болох түргэн нааш нь эргүүлэхгүй бол нэг мэдэхэд дэлхий дэлбэрэхэд бэлэн болсон байх вий. Тиймээс ч НҮБ-ийн Ерөнхий нарийн болон Обама нарын уриалга их чухал цагаа олсон санаачлага гэж үзэхэд болно.

Баабарын "өхөөрдөн" нэрлэсэнээр энхийн хар тагтаа маань гараагаа зөв эхэллээ. Үүнийг нь ч дэлхий харж үнэлж байна. Та бүхэн ч бас хувийн зүгээс мань эр лүү утас цохиж Нобелийн шагнал авсанд нь баяр хүргэж болно шүү дээ. Цаадахын чинь утасны дугаар : 202-456-1414 шүү. Америкийн код өмнө нь хийхээ мартав!

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.