Шаварт унасан МАХН буюу Үйлийн үртэй Эрдэнийн хувь тавилан

Өнөө үйлийн лайтай Эрдэнийг зовоож зовоож нэг юм гишүүний тангарагийг нь өргүүлж гэнээ. МАХН лав 2 ч удаа завсарлага авч Эрдэнийг яавал тангараг өргүүлэхгүй байж болох тухай намынхаа бүлгээр нухацтай хэлэлцсэн боловч аргагүй үнэнд дийлдэж бууж өгчээ. АН-ын бүлэг ч энэ тал дээр хатуу зогсож, хууль бус зүйл хийж байгаа талаар зөндөө л хэлж анхааруулсан. Эцэст нь МАХН-ын энэ хууль бус бүдүүлэг авираас болж Их Хурлын хэвийн үйл ажиллагаа тасалдаж болох тухай сануулсан. Гэхдээ бойкотоор айлгаж дарамтлаад МАХН-аар зөвшөөрүүлсэн юм биш л дээ, угаасаа хуулийг мөрдөх тухай ярьж байсан болохоор тэрний төлөө тууштай зогсоно гэж хэлсэн юм. МАХН өөрийнхөө зуурсан каашийг идэхээс өөр аргагүй болсон нь энэ.

Тангараг өргөдөг өдөр МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан "шаварт унасан шарын эзний" хувьд бүлгийнхээ шийдвэрийг уншиж танилцуулжээ. Тэрний хэлсэн үгийг нь уншаад үзээрэй дээ. Ёстой нэг хоёр ааштай авгай нарын ярьдаг шиг юм хэлсэн байх юм. Зүгээр л Эрдэнийг анхнаас нь тангараг өргүүлэхгүй л ганцхан зорилготой дэгээ тавиадахсан чинь тэрэндээ өөрсдөө бүдрээд, дараа нь яагаад дэгээ тавьсан болон одоо тавихаа больж байгаа тухай хачин инээдтэй юм ярьжээ. Хамгийн гол нь хэрвээ тэд нар хуулийг зөв мөрдүүлэх, өөрсдийнх нь хэлсэнээр зөв жишиг тогтоох санаатай байсан юм бол тэрнийхээ төлөө тууштай зогсох ёстой л байсан байхгүй юу. Тэгтэл одоо тэрнээсээ буцаж байгаа нь тэд нар анхнаасаа хуурамч жүжиг тавьжээ гэдгийг баталж байна.

Одоо тэр Лүндээжанцан гэгч "туршлагатай парламентач" хүний хэлсэн үгийг жаахан шинжиж үзье:
- "...Хоёр намын бүлэг 2 ч удаа уулзсан. Гэхдээ нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Эргэлзээтэй асуудлууд байсаар байна..." гэжээ.
Энд ерөөсөө НЭГДСЭН ОЙЛГОЛТ гэдэг томъёолол хэрэглэх нь утгагүй гэдгийг мэдмээр юм даа. Хууль ёсоор СЕХ-оос нэрийг нь өргөн барьчихаад байхад, тэрийг нь хүлээж аваад ёслохын оронд наймаа хийх гэж байгаа аятай ТОХИРОЛЦОХ тухай яриад байх юм. УИХ -ын гишүүд болон намын бүлэг нэр нь хуулийн дагуу албан ёсоор өргөн баригдсан гишүүний тангарагийг өргүүлэх ёслолыг л гүйцэтгэх болохоос тэр орж ирж байгаа хүнийг цагдаж шалгадаг газар биш гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч зориуд ингэж мэдэн будилж байгаа нь харагдаж байгаа биз.

- "...Манай бүлгийн ажлын хэсгийнхэн 25-р тойргийн гурван хэсгийн хорооны саналыг тоолох санал гаргасан боловч АН-ын ажлын хэсгийн гишүүд дэмжээгүй..." гэсэн байх юм.
Дахиад л мэдэн будлиад, хууль бус юм яриад унаж байгаа биз? УИХ сонгуультай холбоотой үйл ажиллагаанд хутгалдаж оролцох ямар ч эрхгүй байгууллага. УИХ байтугай СЕХ ч хэсгийн хорооны саналыг дахин тоолох тухай зааварчлах эрхгүй. Зөвхөн тухайн хэсгийн хороо энэ тухай хуралдаанаараа шийдвэр гаргаж, шаардлагатай бол дахин тооллого явуулж болох хуультай.
Нөгөө талаар, сонгуулийн дараа Прокурор, цагдаа нар хамтарч саналын хуудсыг маргаантай байгаа хэсэг дээр дахин тоолж (бас л хууль бус гэж үзнэ) Эрдэнийн "луйвардсан" саналыг илрүүлэх гэсэн биш гай болж харин эсрэгээрээ Эрдэнийн авсан саналын тоо анх тоолсоноосоо нэмэгдэж гарч ирсэн байгаа юм. Тэгэхээр Эрдэнэд өгсөн саналыг дарагдуулж тоолсон байгаа биз. Мөн хүчингүй саналын хуудасны тоо анх өгсөнөөс хамаагүй их гарч ирсэн гэсэн. Ийм болохоор хэдийгээр Эрдэнийн хувьд тэр хэсгүүд дээр дахин саналын хуудсуудыг тоолоход "айгаад" байх зүйлгүй боловч энэ нь 1-рт, хууль бус, 2-рт, тэдгээр саналын хуудсуудын нууцлал алдагдаад удаж байгаа учраас ямар ч утгагүй болж байгаа юм. Тийм учраас АН-ынхан дахиж тоолох саналыг хүлээж авах боломжгүй гэсэн зөв хариултыг болгоожээ.

Одоо их инээдтэй хэсэг байгаа шүү. Элэг чинь хөшөөд татчихав! 103 дуудах хүн хажуудаа байлгаж үзээрэй.
Мань Лүндээ цааш нь ийн өгүүлсэн байх юм: "...Тиймээс манай намын бүлэг дахин зөвлөлдөж , улс орны өнөөгийн байдал, намрын чуулганаар нэг ч асуудал хэлэлцэж чадахгүй гацчихсан байдал зэргийг нухацтай авч хэлэлцлээ..."
Бид бүр яалт ч үгүй гацчихаад суусан шавраасаа яаж гарах тухай нухацтай авч хэлэлцлээ гэж орчуулж уншаарай!
"...Одоо бид эх орны эрдэнийн сангийн тухай хуулиас эхлээд, ирэх оны төсөв, мөнгөний бодлого гэх мэт маш олон асуудлыг авч хэлэлцэх ёстой. Ийм шаардлагатай үед УИХ-ыг янз бүрийн гацаанаас яаралтай гаргах шаардлага байгааг манай намын бүлгийн гишүүд ухамсарлаж байгаа..."
Их ухамсартай хүмүүс шүү, энэ МАХН-ынхан! Өөрсдөө хууль бус тэнэг юм анхнаасаа гаргаж ирж Их Хурлын хэвийн үйл ажиллагааг гацаачихаад, одоо болохоор бид ухамсартай учраас буулт хийж байна гэх ухааны юм донгосч байгааг харж байна уу.

"...Нөгөөтэйгүүр, 25-р тойргийн сонгогчдын төлөөлөл жил гаруй дутуу явж эрх ашиг нь хохирч байна. Үүнийг ч бид бас харгалзан үзэж энэ намрын чуулганаар хэлэлцэх сонгуулийн тухай хуулиуддаа өөрчлөлт оруулахдаа сонгуулийг шударга, үр дүнг зөв гаргадаг болгох асуудлыг манай бүлэг анхааралдаа авч байна. Үүн дээр АН-ын бүлэг ч санал нийлэх байх гэдэгт итгэж байна..." гэжээ.
Ардчилсан намсаад байх ч юмгүй, бүх шударга сонгогчид МАХН-ыг сонгуулиар шударга өрсөлдөж, нэр дэвшиж байгаа нь ч , мөн шат шатны сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа нь ч жаахан жудагтай байхыг шаардаж байгаа. Энэ тухай МАХН-ын бүлэг анхаарна гэдэг чинь хоосон л биш бол сайхан сонсогдож байна. Нөгөө өнгөрдөг сонгуулиар мөнгө архи тарааж, ядарсан ардуудынхаа ходоодоор тоглож саналыг нь худалдаж аваад Их Хурлын гишүүн болсон гэгдэх Чойжилсүрэн, Арвин нарын үлгэр жишээ үүгээр дуусах болтугай. Уг нь тэр сонгуулийн үеэр ч Баяр дарга нь сонгуулиар мөнгө тарааж санал авах нь маш муухай шүү гээд л зөндөө л хашгирч байсан ч нэмэр болоогүй юмдаг. Баярын үг хоосон уриа лоозон болоод өнгөрч байгаа юм чинь энэ муу Лүндээгийн үг ч яамай байнаа гэж болох боловч бас эрийг бүү бас гэлээ гэгчээр юмыг яаж мэдэхэв.
Аан тийн, бас Баянголчуудын эрх ашиг хохироод жил гаруй болсон нь их муу гэж манжлахаа мартаагүй байна шүү, хашир чинь.

Төгсгөлд нь тэрээр, "...Хэдийгээр будлиантай, эргэлзээтэй асуудлууд үлдсэн ч гэсэн цаашдаа учир нь олдох байх гээд энэ удаа бид завсарлага авахгүй байхаар шийдлээ." гэсэн байна даа, ямарав дээ, жанжин минь?
Будлиантай асуудлын учрыг олж хужрийг тунгаана гэж байна шүү. Гайгүй ээ, бид нар чиний асуудлыг зүгээр ингээд хаячихгүй, одоохондоо чи тангарагаа өргөөд явж л бай, сүүлд чиний учрыг олохдоо л олно гээд шүдээ хавираад дуусгасан гэнэм. Муу Эрдэнэ ч тэд нарын араанд зуугдсан чигээрээ дуусах юм байна доо. Ямар одонд төрсөн гэхээрээ ингэж зовох ёстой амьтан юм бол доо, зайлуул.

 

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2009-10-10 12:46:04
24 deer murichihaj magad gej l aisan yum sh dee,
2. Монгол Зон | 2009-10-10 12:47:22
Burmaag Undesnii shine namar damjuulj mash mundag hun demjiheer chini asuudal, tohiroond itgeh undeslel alga bolno biz?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.