Тэмээ ямаа хоёрыг ижилсүүлсэн нь буюу Ерөнхий сайдаа "барьж авч зодсон" Атарбаярын хэрэг

Ерөнхий сайд Баярын өөдөөс нэг "муу" компаний босс адарлаж уурласан тухай хэвлэлээр шуугиж, Өдрийн сонины Ж.Сандагдорж бүр "өмөөрч" бичсэнийг уншаад жаахан хэдэрлэмээр санагдав шүү. Гэхдээ мань хашир ч Баярт хайртайдаа биш, харин Элбэгээтэй "хань болгож" дүр эсгэсэн байх л даа. Тэгэхээр миний хэдэрлэнэ гэдэг чинь бас л "дүр эсгэж" байгаа байхгүй юу.

Тэр Маршалын гүүрийг нураагаад шинээр барьж байгаа "Хотын зам" компаны захирал Т.Атарбаяр гэж харин сайд дарга хэмээн салбаганадаггүй, буруу юман дээр түс тас хэлчихдэг шударга гар шиг санагдсан шүү. Өөрөөс нь шалтгаалахгүйгээр ажил удаашраад байхад "чи баахан мөнгө шороонд буллаа" гэж донгосохоор хэн ч уурлана биз дээ? Тэгээд юу гэх юм? Жа, сайд аа гэх юм уу?

Маршалын гүүрээр явж байгаа Их Тэнгэрийн (манай дээдсүүдийн зочилдог газар билүү?) цогцолборын дулааны шугамыг зайлуулахгүй бол гүүрний цутгалт хийж болохгүй байна гээд олон удаа мэддэг газар нь хүсэлт шаардлага тавиад байхад өдий болтол шийдэж өгөөгүй байж ажлаа яагаад хийхгүй байна гэж чалчих чинь ямар утга байнаа? Хэрэв тухайн нөхцөл байдлыг мэдэхгүй, яагаад ажил саатаад байгаа тухай мэдээлэлгүй бол тэр тухай таамгаар ярих чинь Ерөнхий сайдын хувьд тэнэг л үйлдэл болсон гэж хэлэхээс өөрөөр хэлэх арга алга.

Одоо Баяр сайд тэр шугамыг зайлуулах үүрэг өгсөн гэх боловч цаг хугацааны хувьд энэ жил "оройтсон бороо" болсон тухай "Хотын зам" компаны инженер өгүүлж байна. Учир нь хүйтэн сэрүүн ойртож байхад гүүрний цутгалт хийх нь чанарын хувьд муу нөлөөтэй болдог учраас тэр. Тэгэхээр ирэх жилийн дулааны цагийг хүлээхээс өөр аргагүй. Баяр сайд арай одоо цутга гэж тэнэгтэхгүй байх. Тэр дулааны шугамыг шаардсан даруйд зайлуулаагүй холбогдох газруудтай л ширүүхэн ярих байсан юм. Ерөнхий сайд агсрах хүнээ олсонгүй.

Түүнээс гадна хэрвээ засагаас санхүүжүүлж байгаа бол тэр мөнгө сангаа бүрэн бүтнээр нь шилжүүлж сурмаар юм. Санхүүжилт одоо болтол бүрэн орж ирээгүйгээс компаны захирал нь өөрийнхөө байрыг хүртэл барьцаанд тавьж зээл авсан байгаа юм. Ажлаа явуулах сэтгэлтэй хүн ингэнэ биз дээ? Тийм биш байсан бол санхүүжилтээ гүйцээж өг, өгсөн мөнгө чинь дуусчихлаа гээд л гэдийгээд сууж байх байсан биш үү. Тэгж ажлаа хийх сэтгэлтэй, өөрөөс шалтгаалах бүхнээ хийгээд явж байгаа нэг жижигхэн амьтанд Баяр сайд дээрэлхэх хэрэггүй байсан юм.

Атарбаяр захирал Баяр сайдыг "Та мэдэхгүй байж буруу ярилаа" гэж хэлэх нь зөв байгаа биз дээ. Энийг "адарлаа" гэж хэлэх нь утгагүй юм. Сандагсүрэн бичээч маань "Төрийг шүүмжилж болдог ч, адарч болдоггүй" гэж айлдсан нь бас л буруу. Бас "барьж авч зодохыг" шахлаа гэж сүржигнэх ч хэрэггүй юм. Би харин нэг юм сайн ойлгохгүй байгаа юм. Сандагсүрэнгийн хэлсэнээр "Аж ахуйн газрууд тендерээр авсан ажлынхаа 70 хувийг гүйцэтгэж байж дараагийнхаа тендерт ордог хууль байдаг" гэсэн нь нэг л утгагүй санагдаад үнэхээр тийм хууль байдаг бол өөрчлөх нь зүйтэй юм шиг. Яагаад гэвэл , аливаа ажлыг гүйцэтгэлээр нь үнэлэхээс биш ингэж нэг ажлыг дуусаагүй (эсвэл 70 хувийн гүйцэтгэлтэй) байхад дараагийн ажлыг өгөхгүй гэж "боодог" нь утгагүй юм. Чадалтай компани чадаж байвал 2 байтугай 3 ажил зэрэг хийгээд явахад юу нь болохгүй гэж. "Олон ажил хийж байна гэж шүүмжилдэг төрийн түшээг анх удаа харлаа" гэж тус компаний инженер Г.Сумъяацэгмэд гайхах нь түмэн зөв юм.

Сандагсүрэн авхай мөн " Одоо хотын ганц ажил хийдэг компанийг нь илүү үзсэнээсээ болоод С. Баяр огцрох, авилгын хамгаалагч нарыг гоочилсоноороо Ц. Элбэгдорж буух болох нь уу" гэж бичжээ. Бас л утгагүй юм ярьж байна даа. Эрхэм бичээчэд хэлэхэд, С.Баяр 2008 оны 7 сарын нэгний үеэр цагдаа нарт буудуулж алуулсан 3 хүний амьтай холбоотой асуудлаар улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой боловч "совесть"-гүй хүн учраас тэгэх сачий нь хүрэхгүй байгаа бололтой. Өөрөөр тэр нэг их огцроод байх "хэрэг" хийгээгүй байна, одоохондоо. Элбэгээгийн хувьд буугаад байх шаардлагагүй, буух ч ёсгүй харин зорьсон хэргээ гүйцээж , хэлсэн амандаа хүрч шударга ёс тогтоох, нийгмийг эрүүлжүүлэхэд чадах бүхнээ хийнэ гэдэгт их найдаж хүлээж байгаа.

Эцэст нь тэмдэглэхэд, тэмээ ямаа хоёрыг "ижилсүүлээд" дүрслээд байгаа нь ерөөсөө зохилдсонгүй. Хоёулаа нэг айлын "мал" боловч өөр өөр амьтад шүү гэдгийг хойшид бодолцож байвал мань мэт нь ингээд "хэдэрлээд" байхгүй шүү дээ.

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.