Одко-гийн дуулдаг шиг "...Арчаагүй ард түмэн нь цалин, царай муутай..." ард түмэн маань өөрсдийнхөө төлөө дуугарахгүй, тэмцэхгүй болохоор нөгөө хэдэн цаас өгч байгаад саналыг нь худалдаж аваад Их Хуралд суучихсан нөхдүүд дураараа ноолоод бүүр сурчихаж. Баянгол дүүргээс Их Хурлын сонгуульд ялсан С. Эрдэнэ гэдэг нөхрийг МАХН-ынхан тангарагийг нь өргүүлэхгүй гээд гэдийчихлээ. Баяртсайхан гэдэг нөхөр Эрдэнэтэй барьцаад хичнээн юм болж болж арайхийж нэг юм орж ирсэн чинь МАХН эргээд хаздаг байна шд. Элдэв мөнгө төгрөгний асуудлаар Эрдэнийг шалгаад, Ганцад хүртэл хэсэг суулгаж үзээд эцэст нь юу ч олж долоож чадаагүй учраас хэрэг нь хүчингүй болж цагаадсан юм шүү дээ.
Шүүхийн шийдвэр гараад , дараа нь Сонгуулийн Ерөнхий Хорооны (СЕХ) шийдвэр гараад Их Хурлын гишүүний тангарагаа өргөх гэсэн чинь Ганди авгай давж заалдсан учраас энэ нөхрийн шүүхийн хэрэг нэгмөсөн шийдэгдээгүй байна гэж хэлээд МАХН буруу хараад суучихлаа. Ингээд Монгол улсын хуулийн цоорхой нэгээр нэмэгдэж илэрч байна. Тодорхой нарийн зааж өгөөгүй хуулийг ямар ч байдлаар өөрт ашигтай байдлаар тайлбарладаг , хэрэгжүүлдэг явдал Монголын хуулиудыг ихээхэн сайжруулж өөрчлөх шаардлагатайг харуулж байна. Ямар ч мухардалгүй бөгөөд хоёргүй утгатай байхаас гадна үр дүн, гарц нь тодорхой байхын сацуу бусад хуулиудтай авцалдсан, зөрчилдөөгүй байж сая тэр хуулийн цоорхой гээч юм чинь байхгүй болно.
Эрдэнийн тухайд СЕХ шийдвэрээ гаргаад Их Хуралд нэрийг нь өргөн барьсан байхад Их Хурaл дахь МАХН-ын бүлэг Ганди сайд Эрдэнийн эсрэг давж заалдсан байгаа учраас шүүхээр асуудал нь бүрэн шийдэгдээгүй хүнийг тангараг өргүүлэх нь буруу гээд эсрэг шийдвэр гаргасан байна. Ингээд зөрчилдөөн үүсч байгаа юм. Нэг талаас СЕХ өөрөө сонгогдсон хүнийг Их Хуралд өргөн мэдүүлдэг эрх бүхий байгууллага бөгөөд түүний шийдвэрийг Их Хурал байтугай хэн ч шалгаж цагдах, зааварчлах, зөрчих эрх байхгүй. Гэтэл МАХН-ын бүлгийн шийдвэрийг бас буруутгах аргагүй, яагаад гэвэл Эрдэнэ шүүхээр яваад заргаа авсан ч нөгөө тал нь давж заалдах өргөдөл гаргасан учраас техник талаасаа мань эрийн хэрэг бас 100% гүйцэд шийдэгдээгүй байгаа гэж тайлбарлах үндэстэй. Ухаандаа давж заалдах шатанд Эрдэнэ буруутан болоод хувирчих юм бол асуудал өөрөөр эргэнэ гэсэн утгаap.
Нөгөө талаас нь авч үзвэл УИХ эсвэл түүнд байгаа аль нэг намын бүлэг СЕХ-оос гаргасан шийдвэрийн зөв бурууг хянадаг тийм хууль дүрэм бас байхгүй. Тийм болохоор МАХН-ын бүлгийн энэ араншин бас л дураараа аашилсан хэрэг болчихоод байна. Өөрөөр хэлбэл, СЕХ-оос нэрийг нь оруулж ирсэн бол тэр хүний тангарагийг өргүүлэх ёстой юм уг нь. Тэрнээс биш тангараг өргүүлэх гэж байгаа хүн ямар асуудалтай, юун хүн бэ гээд байцаагаад байна гэсэн үг биш.
Угаасаа энэ хэрэгт хамаатуулах хуулиуд нь хоорондоо авцалдаагүй, бүрэн төгөлдөр биш учраас аль аль талынх нь гаргасан тайлбарыг худлаа гээд хэлэх аргагүй болчоод байгаа юм.
СЕХ -ны эрх үүргийн тухай заасан хуулинд шүүхээр шалгагдаж байгаа буюу давж заалдсан хэрэгтэй хүнийг Их Хуралд өргөн барьж болохгүй гэсэн өөрчлөлт оруулаад, Их Хурлын гишүүд, УИХ, болон тэнд байгаа намын аливаа бүлэг СЕХ-ны шийдвэрийг байцааж шалгадаг, асуудаг эрх байхгүй гэсэн заалтыг холбогдох хуулинд нь оруулж өгч байж л иймэрхүү хэрүүл хойшид гарахгүй байх нөхцлийг бий болгох боломжтой болов уу.
Одоогийн үүсээд байгаа байдлыг харвал МАХН лав гүрийх янзтай байгаа учраас Эрдэнийн хувьд давж заалдах шатны асуудлыг шийдэгдэхийг хүлээхээс өөр аргагүй болж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр Эрдэнийн талд гарвал МАХН хэлэх үггүй болж дуртай дургүй гараа өргөх болно. Тэмдэглэж хэлэхэд, МАХН аливаа хуулийн гажигтай тал, цоорхойг маш сайн ашиглаж чадаж байгааг хэлэх хэрэгтэй.
Баянголчууд өдий болтол энэ тал дээр ганхийхгүй байгаа нь ерөөсөө манайхан өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугарч мэддэггүй, тэмцэж чаддаггүйг харуулж байгаа юм. Энэ нь манайханы улс төрийн идэвх сул, мэдлэг дорой байдалтай холбоотой. Энэ тал дээр , ялангуяа АН-ын зүгээс идэвхтэй санаачлагатай байж, үр дүнтэй ажил зохиохгүй бол болохгүй гэдгийг мэдэж байгаа боловч яагаад ч юм их муу ажиллаж ирсэн нь үнэн. Ард түмнээ улс төрийн талаар мэдлэгтэй болгож, нийгмийн идэвхтэй байлгах нь эцсийн дүндээ Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа юм. Мэдлэггүй, идэвхгүй сонгогчдыг мөнгөөр худалдаж авдаг явдал ийм байдлаар бол 22-р зуунд үргэлжилсээр л байх болно.
Хэрвээ Монголын ард түмэн "харанхуй" хэвээрээ байх юм бол "ард түмэн засгийн эрхийг төлөөллөөрөө дамжуулж барина" гэх мэтийн худлаа үг лоозон ярьж явах хэрэггүй; шууд л түс тас "төр засгийн эрхийг хэн мөнгөтэй нь барина" гээд л бичээд ойлгоод явах хэрэгтэй. Худлаа тэгж донгосцгоох хэнд хэрэгтэй юм? Нялуунаас шулуун нь дээр гэж.
МАХН ч хөөрхий ард түмнээ мөн ч олон жил "харанхуй, сохор" байлгалаа даа. Тэрнийхээ хүчинд саяхныг болтол ямар ч мэдлэггүй сонгогчийн толгойг нь эргүүлж 10 ногооноор ядарсан гуйлгачин Монголын саналыг худалдаж аваад ялав даа.
Энэ байдал хэдий болтол үргэлжлэхийг АН л мэднэ.
АН арчаагүй байвал энэ байдал мөд сайжрахгүй, тэр хэрээр АН-ын зовлон байсаар л байх болно.
Өөрсдөө саналаа өгөөд сонгосон л юм бол тэр хүнээ зохих албанд нь суулгах тал дээр тэмцэж баймаар байгаа юм уг нь. Тэгэхгүй бол сонгосоны ашиг тус, хэрэг гэж юу байх билээ? Ингэж л сэтгэхгүй байхыг бодоход манайхан даанч улс төрийн, нийгмийн идэвх муу байнаа гэж хэлэхээс өөр аргагүй болж байна. Байдлыг өөрчлөхийн тулд АН болон бусад дэвшилтэт хүчнүүд олигтой ажил зохиох хэрэгтэй байна.
МАХН-аас юм горидоод хэрэггүй байхаа, нэг хэсэгтээ. Энэ нам нэрээ өөрчилж чадахгүй, "Хувьсгалт" нэрэндээ хайртай байна гэдэг чинь нэг юм хэлээд байгаа юм. Өөрчлөгдөж байна л гээд байдаг, хаа байна ? Саяын Их Хурлын сонгуулиар л харагдлаа шд. Дарга нь ч 1 сая төгрөг хүн бүрд тараавал Монгол Улсын эдийн засаг сүйрнэ гэж байснаа болохоо байлаа гэдгийг ойлгонгуутаа 1.5 сая төгрөг тараах бүрэн боломжтой гэж ичих ч үгүй залаа биз дээ. Тэр www,Youtube.com дээр тавьсан бичлэгийг үзээрэй. Дарга нь ингэж улаан цагаандаа гарч байхад МАХН-ын гишүүд сонгогчиддоо мөнгө тарааж санал худалдаж авах ч харин яршиг байнаа... Тийм учраас энэ хонины нэхий нөмөрсөн чононд нэг хэсэгтээ лав итгээд хэрэггүй биз ээ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: