Манайхан гэхээрээ ийм амгалан хэнэггүй улс байдаг юм уу, эсвэл хүнээ байчихсан амьтас болж хувирсан юм болов уу? Дахиад л өөрсдийнхөө тухай жаахан үглэхгүй бол болохгүй нь. Уг нь өөрсдийгөө цагаан цайлган сэтгэлтэй, сайхан чанартай хүмүүс гээд л магтахын хувьд бол тэнгэр тултал магтдаг. Эрт урьдын цагт тийм байсан юм болов уу? Одоо цаг үед лав тэгж хэлэхэд хэцүү болжээ. Цаг үе өөрчлөгдөхөд хүний зан авир араншин бас дагаад өөрчлөгддөг юм болов уу? Магадгүй л юм. Гэхдээ сайн тал руугаа биш муу тал руугаа яваад байдаг нь гайхалтай. Ухаандаа урд өмнө нь ааш зан сайтай, сайхан сэтгэлтэй хүнлэг хүн байсанаа цаг үеийн эрхээр өөрчлөгдөхдөө хүнээ байчихаад адгийн шаар болчихоод байна л даа. Ерөөсөө нийтлэг дүр төрх нь нэг иймэрхүү болсон байна гэхэд хилсдүүллээ гэхгүй биз. Хувь хүмүүсийн тухай жишээ аваад байх шаардлагагүй биз ээ. Хүн бүр бараг өдөр тутмын амьдрал дээр иймэрхүү жишээтэй бишгүй тааралддаг. Өвгөд хөгшчүүд одоогийн хүүхдүүд муу тал руугаа их өөрчлөгдөж байна гэж гомдоллох нь үнэний хувьтай гэж бодож байна.
Энэ хачин зан юунаас үүдэлтэй байж болох тухай жаахан эргэцүүлж үзье. Амьдралын хэв маяг нь өөрчлөгдөж, аливааг тусгаж хүлээж авдаг үзэл бодол нь солигдож, нийгмийн байдлаасаа болоод өөртөө давуу талыг бий болгох болон өөрийн эрх ашгаа урьтал болгож, цаг үеийн ба амьдралын хүнд бэрх үед амиа хоохойлохын тулд хачин зан авир гаргахаас одоо цаг үед ичихээ больсон байна. Өөрөө л болж байвал юу ч хийхээс сийхгүй болжээ. Төр засгийн өндөр нам янз бүрийн алба хашдагууд нь засгийн мөнгө идэж уухаас гадна төрийн үйлчилгээг хувийн компани болгоод иргэдээс төлбөр шан харамж авч, бас болоогүй хэн нэгэнд ашигтай эрх зүйн байдал үүсгэх, эсвэл давуу тал олгоход хүчин зүтгэснийхээ шанд хахуулиар шагнуулж байхад юу ч үгүй гуйлгачин ардууд нь амьд мэнд оршин тогтнохын тулд чаддагаараа бие биенээ луйвардах, хулгай дээрэм хийх зэргээр бор хоногийг өнгөрөөж байна. Дээр заларч байгаа "томчууд" нь хэр хэмжээгээрээ том жаалж байхад "багачууд" болох сургууль цэцэрлэгийн багш, цагдаа, гаалийн байцаагч гэх мэт нь мөн дутахгүй хэр хэмжээндээ элдэв аргаар луйвар хийж цагаандаа гарч байна. Ингээд л хүн болгон чаддаг чаддагаараа амь зогоох нь зогоож , ахиж дэвших нь улам л дээшээ мацаж байна.
Бидэнд "совесть" гээч юм алга болжээ. Баяр сайдыг "совесть"-гүй амьтан, засгийн эрх барьж байх үедээ хүний амь хөнөөсөн хэрэг гарахаас сэргийлж чадаагүй муу менежер гэдгээ харуулсан учир улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой гээд шаардаад байгаа чинь угаасаа "утгагүй" шаардлага юм шиг байна. Бүгд л "совесть"-гүй болчихсон юм чинь хэн нь хэнийхээ харыг гайхаж шоолох билээ.
Лос Анжелес хотод амьдардаг рэпчин Одко "Даван тэс" гэдэг дуундаа ингэж дуулдаг юм:
"...Хамаг Монголын амьдралыг өөд нь татаж чадсангүй
Хамар амаа олохгүй уухдаа тэд цадсангүй..."
Тэр ууж иддэг луйварчингуудад зориулсан дуу байгаа биз. Төр засгийн эрх мэдэл бүхий албан тушаалтангууд засгийн мөнгийг идэж ууж луйвардаж байсан тухай Баабараас өгсүүлээд хангалттай баримт хүн бүр дээр гаргаад өгчихөж чадна , надад байгаа гээд бардам хэлэх олон хүн байвч цагаа болохоор тэд нарын тухай Авилгатай Тэмцэх Газар мэдэгдэж шударга ёсыг тогтоох гэж бодож байгаа амьтан алга. Өөрийг нь хатгах даруйд өт шиг аравганангуутаа "тэгж яривал..." гээд л сүрдүүлэх боловч үнэндээ нөгөө өөрийг нь хатгасан хүний тухай ноцтой факт баримт мэдэж байсан ч тэгсгээд чимээгүй өнгөрдөг ажгуу.
Энгийн ард түмний тухай муулж ярихаа болъё. Угаасаа дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж нэг үг байдаг биз дээ. Дээдэх нь суудлаа олохгүйгээр барахгүй идэж уугаад нөгөө доодсынхоо дургүйг хүргээд удаж байгаа. Доодос нь улам арчаагаа алдаад, Одко-гийн дуулдгаар "...цалин ,царайгүй..." болсон учраас амьд явахын тулд хүн ч хамаагүй алахад бэлэн болжээ.
Тэгэхээр гол буруутан болох дээдсийн тухай голчилж ярисан нь онох болов уу. Зарим хүмүүс энэ олон намаас хэн ч гарсан адилхан идэж ууна гээд ерөөсөө алинд нь саналаа өгөхгүй, сонгуульд оролцохгүй гэж ярьдаг. Аргаа барсан хүний хэлэх үг.
Ардчилсан нам уг нь эрс өөрчлөлт хийж гарч ирсэн боловч МАХН тэрийг нь ашиглаад "дагуулаад тонгорчихож" билээ. Ингээд элдэв муу аргаараа ард түмний тархийг угааж сүүлийн хэдэн жил төр засгийг толгойлж улс орноо удирдсан нэр зүүж баахан идэж уух шив дээ. Арай дэндүү идэж уусан юм болов уу даа. Ямар сайндаа Баабар, "идэж уухгүй байна гэж байхгүй, гэхдээ ядаж бага шиг идвэл зүгээр" ухааны юм ярихав дээ. Шуудхан хэлэхэд, МАХН-ыг сүүлийн үед сонгоод Монголчууд их хохирсон. Энэ "хадны мангаа" ард түмнээ ядуурлаас гаргана гэж худлаа донгосч байгаад гараад ирсэн. Хаана байна тэр ядуурлаас гарсан нь? Улам дордсон бус уу?
Саяын сонгуулиар мөн л эхлээд 50 мянгыг бэлнээр гар дээр чинь тоолж өгнө гэж байснаа Ардчилсан нам нэг саяыг амлангуут сандарч амлалтаа өсгөн 1.5 сая болгож байж дахин ялалт байгуулав даа. Яасан ч хүүхэд шиг чихэрэнд амархан хууртдаг ард түмэн гэж ийм байдгийн! Баяр угийн толгой нь сайн ажилладаг болохоороо 7 сарын 1-ний хэргээр хэл аманд орохгүй тулд Ардчилсан намд хэдэн суудал өгч амыг нь барив даа. Тэгээд ч элдэв алдаа мадаг гарвал хамтарсан засгийн газар гэдэг утгаараа 2 нам хоёулаа хамтраад хариуцлагаа хүлээнэ гээд ирээдүйн аливаа эрсдэлдээ нэг ёсны даатгал хийлгээд авсан хашир толгой. Одоо унасан ч хамт унана гээд бардам сууж байгаа.
"Нам засаг" нь ер нь ард түмнээ даанч нэг тоохоо больжээ. Дээр нь улс орноо үнэхээр хөгжүүлье дээшлүүлье гэсэн чин эх оронч санаатай хүмүүс манай дээдсүүд дотор хуруу дарам ховор байдаг бололтой. Ерөөсөө дуугарч тэмцэж байгаа хүн бараг алга.
Хонгор сумынхан хордоод л, шинэ нярайнууд тагнай цоорхой, бөгс нь битүү, эвэрхийтэй төрөөд, гэдсэн дэх хүүхдүүд нь дутуу төрж зулбаад, мал амьтан нь хачин жигтэй үхэж үрэгдээд мөн ч удаж байна даа. Тоож байгаа дээдэс гэж алга. Эрүүл мэндийн сайд нь хүртэл Хонгор сумынхныг бүгдээрээ хамуурсан гэж ичих ч үгүй доромжилсон гэж байгаа. Одоо хүртэл элдэв гажигтай нярай төрсөөр байгаа боловч тэр тухай тоохгүй байгаа төр засгийг хүн ардынхаа төлөө засаг гэж хэлэхэд аманд багтахгүй байна.
Мөнгөн ус хүний биед ороод хамаг эрхтэнг нь хордуулаад гадагшилдаг гэнэ лээ. Нэгэнт биеэс нь гараад явчихсан хойно Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүмүүс ирж шинжилгээ аваад мөнгөн ус байхгүй байна л гэж оношлоно шүү дээ. Тэр оношийг сонсоод л манай дээдсүүд тэр хөөрхий хүмүүсийг зөнд нь хаясан байна. Одоо тэр олон яр шархтай, байнгын зовиуртай (толгой нь байнга өвддөг) хүмүүс чадах нэг нь хот явж эмчилгээ хийлгэж , чадалгүй нь тэгээд шаналаад сууж байна. Гажигтай нярай хүүхэд төрсөн хэвээрээ. Мал үхэх, гажиг согогтой төл гарсан хэвээрээ. Үнээнүүд нь үсгүй бөгөөд амьгүй тугал гаргаж, үхсэн гахайны дотор гэдэс дараа нь задлан хийхэд авах юмгүй болсон байсан тухай бишгүй баримтжуулж үзүүлж байсан. Эд нар бас "хамуураад" ингээд байгаа гэж хэлж алав даа!
Хонгор суманд байсан Хятадууд мөнгөн ус цианит гэдэг хортой бодисоор хөрс ус, агаар бохирдуулсанаас ингэж хүн амьтан хордох болсон нь тодорхой. Тэрнээс өмнө зүв зүгээр байсан энэ сумынхан гэв гэнэт л сумаараа мал хуйтайгаа "хамуураад" унаж гэнэ. Дэндүү арчаагүй засагтай улс гэдгээ одоо мэдэж авцгаах хэрэгтэй. Тэр мөнгөн усны гай зовлонгоос хол байгаа хүмүүс маньд хамаагүй гээд л таг сууцгааж байгаа нь даанч эмгэнэлтэй. Тэр байтугай иймэрхүү халуун сэдвийг хөндөж хүмүүст мэдэгдэж, сэргийлж сэрээж байх ёстой хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Хонгорынхныг тоохоо больж чавганц нарын хэрүүл, ямар ч хэрэггүй хов живээр сонингоо дүүргэж байх шив дээ. Монголчууд ингэж доошоо орж арчаагаа алдах гэж дээ. Уг нь бүгдээрээ нийлээд тэр ядарсан сумынхны төлөө тэмцэж дуугарах ёстой юм. Тэр үл тоогоод байгаа дээдсүүдийг шахаж улайлгаж , болохгүй бол хариуцлага тооцох ёстой юм.
Ийм арчаагүй амиа бодсон , нийтэч биш бэртэгчин зан чинь дээдсүүдэд ашигтай байгааг ойлгомоор юм. Энэ удаа надад ийм гай тохиолдоогүй боловч удахгүй миний ээлж ч ирж мэднэ гэж тэнэг толгойгоо жаахан ажиллуулаач дээ. Чи одоо бусдынхаа төлөө дуугарч байвал чиний төлөө хэрэгтэй үед дуугарах ард түмэн байх нь тодорхой. Амь амиа бодоод хол явахгүй ээ, хүмүүс ээ! Бүгдээрээ нэгнийхээ төлөө, нэг нь нийтийнхээ төлөө дуугарч тэмцэж байж дээдсүүдийг жаахан юм хийлгэдэг болгоно. Өөр арга байхгүй. Хэний төлөө үйлчилж , хэнийг төлөөлж эрх мэдэл бүхий суудал дээр заларсанаа манай эрхэм дээдсүүд "мартчихаад" байна шүү дээ. Түүнийг нь сануулж, хийх ёстой ажлыг нь хийлгэж байхгүй бол тэд нарыг тэгж дээш нь залаад яах юм? Ажлаа хийж чаддаггүйг нь татан буулгаж чаддаг байх хэрэгтэй. Бие биенийхээ эсрэг мөнгөөр биеэ үнэлүүлж худалдагддагаа больцгооё. Доодос нь эв нэгдэлтэй байж дээдэсээ захирна гэдгийг ойлгох цаг болжээ. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэхдээ тэр нам зам гэж ялгардагаа боливол яасийн? Аль намынх ч байсан хамаагүй, ажлаа хийж чаддаггүй, ёс суртахуунгүй дээдсийг шууд л авч хаях хэрэгтэй.
Хонгор сумынхныг тэр чигт нь "золигт" гаргаж байгаа одоогийн засагтай тооцоо хийх хэрэгтэй. Хэний төлөө үйлчилнэ , ажиллана гэж мандат авчихаад иргэд нь зовж шаналж, нялхас нь элдэв согогтой төрж, эсвэл амь алдаад байхад энэ засаг яахаараа тоодоггүй билээ?
Тэр мөнгөн ус асгаж хамаг юм хордуулж гай тарьсан Хятад иргэн одоо болтол Хонгор суманд чөлөөтэй ажиллаж байна гэвэл үнэмших үү? Бүр Хонгор сумын засаг дарга Чүлтэмбат гэгчийн зөвшөөрлөөр "эрэвгэр жирэвгэр" ч гэнэ үү нэг эмийн ургамал түүж Хятад руу гаргадаг гэнэ шүү! Сумаар нь хордуулах гай тарьсан этгээдийг шийтгээд зайлуулах ёстой байтал харин хийе гэсэнд нь зөвшөөрөл өгөөд хамгаалаад сууж байдаг тэр Хонгор сумын засаг дарга Чүлтэмбат гэдэг нөхөр ер нь ямар санаатай этгээд вэ? Тэр хүнд Монголчуудаа гэсэн сэтгэл байна уу? Ингэж ичих нүүргүй аашилж байхыг нь бодвол бас л биеэ үнэлсэн (хахууль авсан) байх магадлалтай. Ямар ч төвшинд ажиллаж байгаа иймэрхүү шаарнуудыг бүгдээрээ тэмцэж байж л зайлуулж чадна. Өнгөрсөн хавар бие нь муудаад мэс засалд орсон Хонгор сумын нэг хүүгийн дотор эрхтэн нь өмхийрчихсөн байсан тухай дараа нь телевизээр ярилаа гээд энэ жил сургуульд нь аваагүй гэнээ. Энэ сумын удирдлагууд иргэдээ ингэж дарамталдаг гэнэ. Энэ чинь одоо юу вэ, хэдэн он бэ?!
Дээдсүүд хаана хаанаа ажлаа хийж чадахгүй байгаагийн гайгаар жирийн иргэд л хохирч, бүр амь насаа алдаад дуусч байна. Сая үер болоод хайран сайхан хүмүүсийг маань урсгаад аваад одлоо. Өнгөц харахад бороо оруулж үер буулгасан тэнгэр хайрхан "буруутай" юм шиг харагдах боловч тийм биш юм. Хөдөө ч бай, хотод ч бай аливаа болзошгүй аюулаас ард иргэдээ сэргийлж хамгаалж байх үүргийг засаг хүлээх ёстой. Улаанбаатарт болсон бол тэр хотын засаг захиргаа энэ явдалд буруутай. Үер буух магадлал ихтэй газар угаасаа айл буулгах, хашаа байшин хатгаж суух ёсгүй дүрэм журамтай юм бол тэрийгээ мөрдүүлэх ёстой. Тэгээгүйгээс болж тэнд байсан айлууд урсаж осолджээ. Хэлээд байхад нүүхгүй байсан гэдэг хачин тайлбар битгий тавиад бай л даа. Нүүлгэх ёстой байхгүй юу. Юуны төлөө хууль дүрэм сахиул гээд эрх мэдэл өгөөд томилогдсон юм бэ? Өөрийнхөө хүүхдийг машин зам дээр тоглож байвал "чихдэж" зайлуулаад аюулгүй газар тоглуулна биз дээ? Тэрнээс биш машин зам дээр тоглох аюултай гэж хэлсээр байтал үгэнд орохгүй тоглож байгаад машинд дайруулчихлаа, одоо яая гэхэв гээд хэлээд сууж байхгүй байх.
Ард иргэдийнхээ аюулгүй байдал эрх ашгийн төлөө хийх ёстой ажлаа хийдэггүйгээс болж сайхан иргэдээ алдлаа. Хөдөө ч ялгаагүй, бас л жалганд байсан айлууд урсаад гэр бүлээрээ амь үрэгдэж гамшиг болсон. Дараа нь тэр хавийн багийн дарга нь хэлэхдээ, би анхааруулаад нүү гээд үгэнд ордоггүй байсан гэж ярьсан байна лээ. Нүү гэж хэлээд нүүхгүй бол нүүлгэх ёстой байхгүй юу. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр дараа нь хэдэн айлуудыг цэрэг цагдаа болж хүчээр нүүлгэсэн гэсэн. Хийх ёстой ажлаа хийхгүй байж байгаад дараа нь ямар нэг юм болохоор дандаа ингэж "унгасан хойноо хавчдаг" байхгүй юу.
Иймэрхүү ажлаа хийж чаддаггүй арчаагүй засгаас болж иргэд л хохирч байна.
Хотын замыг засаж байна гээд л яг л ид ажил сургууль идэвхтэй болдог цагаар энд тэндгүй бөөндөж зам хаагаад бас л баахан бухимдал хэл ам дагууллаа. Нийслэлийн засаг даргын хийж байгаа ажил. Согтуугаар машин барих явдал буурахгүй, хүний амь үрэгдсээр байхад хариуцсан байгууллагууд олигтойхон ажил хийхгүй л байна. Хүн хүч, техникээр нь олигтойхон хангаж өгөөд олигтойхон үр дүн нэхээд байж болмоор юм. Согтуу машин барьж байгаа хүнийг ерөөсөө хүн алах зорилготой зэвсэглээд гарлаа гэж ойлгож, сурталчлах хэрэгтэй. Согтуу хүний сэтгэн бодох чадвар, хийх үйлдэл, биеэ хянах чадвар, хариу эсрэг үйлдэл хийх байдал зэрэгт нь өөрчлөлт ордог учраас маш аюултай зэвсэглэсэн (жолоодож яваа машин) гэмт этгээд гэж тодорхойлж иргэддээ сайн сурталчилж жигшүүлбэл их үр дүнтэй баймаар санагдах юм. Мөн иргэдээсээ согтуу жолооч болон сэжиг бүхий жолоочийн тухай мэдээлэлийг тодорхой үнэлж авч байвал болзошгүй аюулаас сэргийлж, үрэгдэж болох хүний амийг аварсан гавъяатай хэрэг болох бус уу. Энэ мэтээр санаачлаад хийвэл үр дүнтэй ажлууд зөндөө байж болох юм шиг. Ухаанд нь ухна үхсэн байна гэж лав байхгүй, тэгэхээр ямар ч санаачлага, идэвхи, чин сэтгэл алга л гэж тайлбарлахаас өөр аргагүй болж байна даа.
Саяхан сонин дээр бас шонхорын наймааны тухай нийтлэл гарсаны дагуу Байгаль орчны сайдаас мэдээлэл хийсэн байна лээ. Монгол улс жилд 200-300 шонхор барих зөвшөөрөл өгдөг гэнэ. Нэг бүрийг нь 12-13 мянган Америк доллараар тооцвол овоо мөнгө орж ирдэг бололтой. Үүнд ч буруутгаад байх юм алга. Гол эмзэглүүлсэн нэг асуудлын тухай дараагийн удаа манайхан сайн ярих байхаа гэж найдая. Учир нь, нөгөө Арабууд чинь шонхор барьж байхдаа хэрэв барьсан шонхор нь таалагдаагүй буюу шаардлага хангаагүй бол сүүлийг нь тасдаад буцаагаад тавьчихдаг гэнэ. Ухаандаа тэмдэг тавьж байгаа нь тэр юм байх. Ингэж шувуу зэрэмдэглэж болохгүй гэдгийг л хэлж болиулахгүй бол болохгүй. Ер нь мөнгөнд нь болоод анхнаасаа тийм нарийн зүйл заалттай гэрээ бичиг үйлдээгүй бизээ. Харин сая Айвенхо Майнз компанитай Оюутолгой ордыг ашиглах тухай гэрээ хэлэлцээр хийхэд Засгийн газрын төлөөлөлд энэ Байгаль орчны сайд Гансүх багтаж ажилласан гэсэн. Тэр уурхайг ашиглахтай холбоотой үүсэж болох байгальд хор нөлөөтэй үр дагавраас сэргийлэх , байгалийг нөхөн сэргээх тухай тэр компанитай хийх гэрээндээ сайн оруулж нарийн зааж өгөхгүй бол шонхор шувууны сүүл тасдахаас долоон дор юм болж мэднэ шүү. Ялангуяа тэр ашиглах гэж байгаа компаны босс Фрийдланд чинь өмнө нь байгаль орчин бохирдуулсан хэрэгт холбогдож байсан, "Хорт Боб" хочоороо алдартай нэгэн гэдгийг хүмүүс андахгүй бизээ.
Өнөөдөр тэр Оюутолгой, Таван толгой гээд л ордуудаа ашиглаад эхэлбэл Монголчууд чухам баяжаад л улс маань Кувейтэрхүү юм болно гээд л рекламдаад байна. Газар доороо байгалийн ийм баялаг байхгүй байсан бол Монголчууд хэзээ ч баяжихгүй, Африкийн нэг ядуу орон шиг байсаар "дуусах" байсан юм уу, хаашаа юм? Хөрсөндөө баялаггүй боловч толгойгоо ажиллуулаад хөгжсөн улс бишгүй л бий биздээ.
Манайх чинь бас газар нутаг талбай ихтэй, малаар баян орон. Энэ хоёр дээрээ тулгуурлаад, дээр нь толгойгоо ажиллуулбал хөгжих бүрэн боломжтой. Тэгээд цөөхөн хүн амтайг хэлэх үү. Ямар олон зуун сая ам тэжээх гэж байгаа биш. Бүхэл бүтэн улс гэхэд л гадаадын дунд зэргийн хотын дайтай л хүнтэй байна шүү дээ. Олигтойхон толгойнуудыг орой дээрээ залаад өөрсдөө хичээгээд явбал ийм цөөхөн ам бүлтэй айл уг нь хөл дээрээ босоод ирэхэд амар л баймаар юм.
Санаагаар болдог бол гаднаас олигтойхон менежер олж ирээд хөлсөөр ажиллуулбал энэ хэдхэн хүний учрыг дор нь олох биз. Австралийн Сидней хот, Канад улсын Торонто гэх мэт хотуудын мээр нь дэлхийн шилдэг мээрээр тодорч байсан юм гэнэ лээ. Иймэрхүү шилдэг мээр нэгийг урьж авчраад Ерөнхий сайдаар тавьчихвал тэр олон сая хүнтэй айлыг аваад явж чадаж байгаа хүн манайхыг бол дор нь босгох байлгүй дээ. Сайн менежер л байвал арьсны өнгө , хэл ус ямар хамаа байна. Аргаа барсан амьтан ийм юм ярьж суухав дээ. Өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа менежерээ (Ерөнхий сайдаа) хар л даа.
Мөрөөдөхөө болиод жинхэнэ бодит байдал руугаа оръё. Нэгэнт "гадаад менежер" ажиллуулж чадахгүйгээс хойш одоо өөрсдөө л (доодос байх заяатай төрсөн энгийн ард түмэн минээ, та нарыг хэлээд байна шүү!) санаа нэгдэж нийтийнхээ төлөө, нэгнийхээ төлөө тэмцэж орой дээрээ залсан чөтгөрүүдээ ажлаа хийдэг, тэгэхдээ бүр шударгаар хийдэг болгож сургахаас өөр гарц алга даа. Ажлаа хийж чадахгүй байгаа чөтгөрийг шууд татаж унагадаг байхын тулд доодсууд бүгд нэгдэж тэмцэж сурах хэрэгтэй. Ингээгүй цагт төр засгийн эрх баригч эрхэм дээдсүүд доодос бидний зовлонд ханаж цадахгүй, энэ бүх байдал хэвээрээ 100 жил ч үргэлжилж мэднэ.
Дээр дурдсан жишээнүүд , ялангуяа Хонгор сумынхны тухай жишээ бол манай эрхэм дээдсүүд яаж ард бидний саналаар сонгогдож, толгой дээр зайдалж суучихаад, тэгээд эргээд бидний нүүр лүү нулимж байгаагийн нэг тод хэлбэр юм. Одоо бишгүй л нулимууллаа , болоо юм биш үү? Юманд чинь бас хязгаар гэж нэг юм байдаг биз дээ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: