Америктай муудах уу, сайндах уу?

Нэлээн дээхэн болсон явдал гэсэн. Америкийн анчин Монголд ирээд ан хийхээр хөдөө явсан юм биз дээ. Тэгээд машинтай явж байхдаа нэг удаа жолоочийн мөрөн дээр хөлөө гаргаад тавьчихаж гэнэ. Бодвол мань анчин машины арын суудалд сууж явсан бололтой. Машины жолооч толгой дээр хөлөө гаргаж тавилаа гэж их уурлаж гэнэ. Арга ч үгүй юм даа. Хүний мөрөн дээр гуталтай хөлөө тавиад гутлын тавиур болгож доромжилж байхад чинь. Тэгээд бөөн уур уцаар хэрүүл болох үед тэр Америк анчин хэлмэрчээс асууж гэнээ: -" Энэ муу жолоочийг буудаад алчихвал би хэдэн төгрөгний торгууль төлөх вэ?"


Энэ бол биднийг социализм байгуулах гэж ядаж байх үеийн хэрэг. Одоо бид капитализм байгуулах гээд зовж байгаа энэ үед Америк найз маань энэ дээрэлхүү зангаа тавиагүй л байна. Хэдийгээр Баабарын нэрлэсэнээр "Харцага" Буш нутаг буцах замдаа шумбаж нэг буучихаад буцсан боловч Америкийн албаны хүмүүсийн Монголчуудад хандах хандлага таагүй хэвээр байна.

Олон жил "дээгүүр" нь аргалах гэж оролдоод бүтэхгүй сунжирсаар сая нэг юм бүтэх тийшээ хандсан Оюутолгойг ашиглах Айвенхо компаны босс, Канад руу урван зугтаасан Америк эр Фрийдланд гэгч бас л их дээрэнгүй өнгө аястай олон юм энд тэнд донгосч явсан гэсэн. Бараг л иргэншил байдаггүй газар, эзгүй талд юу дуртайгаа хийх боломжтой, хогоо хаях элбэг талбайтай амар газар гэх ухааны юм ярьсан гэнэ лээ. Хэрвээ дотроо ингэж бодож явдаг бол энэ хүн Монголд гишгэх нүүргүй хүн. Дуртай дургүй тэр дарвагар амаа татаж байхаа мэдэж байгаа байхаа гэж найдна.


Их гүрний дээрэнгүй зан ингэж хувь иргэдээр нь дамжиж илэрдэг аж. Төр засгийн хэмжээнд ч мөн бодлогоор илэрдэг. Манайханд хамгийн ойрхон жишээ гэвэл Улаанбаатарт байгаа Америкийн элчингийн Консул байна. АНУ-ын виз авах гэж манайхны үйлээ үздэг газар даа. Мөн ч олон хүн орлого оруулдаг. Саявтархан АНУ-ын элчин сайд сонинд өгсөн ярилцлагадаа виз хүссэн хүмүүс хуурамч материал бүрдүүлээд нэмэргүй, харин үнэнээрээ ороод ирвэл учиртай байж болох тухай хэлсэн байна лээ. Элчин сайд хэлэх нэг өөр, цаагуураа Консул нь яаж аашлах нь шал тусдаа гэдэг нь ойлгомжтой.

Миний сайн таньдаг найз маань сая хувиараа амрах маягаар хэд хоног АНУ яваад ирье гэж ороод ам руугаа алгадуулаад гарч ирсэн гэсэн. Уг нь Америкт хараар үлдээд байх шаардлагагүй, хөл дээрээ босчихсон, хувийн компанитай бизнесчин хүн л дээ. Санхүүгийн баталгаа энэ тэр бол хангалттай, хөдлөх ба үл хөдлөх гээд л бүгдийг нь мэдүүлсэн байгаа юм. Үнэндээ бол Консулын үзэмжийн асуудал гэхээсээ илүү цаанаас нь өгч байгаа чиглэл ийм болохоор ингэж Монголчуудад "төмөр нүүр" гаргаж хатуурхаж байна гэж ойлгохоор.


Бас нэг саяхны жишээ гэвэл, Өмнөд Солонгост амьдардаг дүүгийн маань охин АНУ-д хэний сургуулийн урилгаар явах гээд визэнд орсон чинь бас өгөөгүй гэнэ. Уг нь тэр улсынхаа иргэн болчихсон хүн шүү дээ. Гэтэл үгүй ээ, Монгол хүн учраас өгөөгүй байгаа юм. Мэдээж татгалзсан шалтгаан нь өөр л дөө. Санхүүгийн баталгаа нь хангалтгүй (уг нь АНУ-д 6 сар хэл сурахад бүх зардлаа даахад хангалттай байсан) бөгөөд гэр бүлгүй гэсэн хоёр инээдтэй шалтаг заасан цаас өгөөд хөөгөд гаргасан байгаа юм. Оюутны виз авахын тулд нэг сая доллартай байхаас гадна хүнтэй суух хэрэг болох нь. Өмнөд Солонгост байгаа АНУ-ын Консул өгсөн материалтай нь танилцаж байхдаа Монгол хүн гэдгийг нь мэдэнгүүт царай нь хувирч "Монгол юм уу?" гэж асуусан байгаа юм. Тэгээд л бусад материалыг нь үзсэн юм байхгүй хэдэн юм хэлээд л, тэрийг нь тэнд байсан орчуулагч Солонгос хүүхэн амандаа бувтнаж орчуулж хэлсэн болоод л тэр ярилцлага өндөрлөсөн гэж байгаа. Тэгэхээр энд ойлгож ядаад байх юм алга. Ерөөсөө Монгол гэхээр л нэг гуйлгачингийн дүрс толгойд нь орж ирээд , энэ гуйлгачин Америкт очоод "харлаад" ажил хийгээд унана гэсэн автомат ойлголт төрдөг болжээ. Энгийн иргэд бол тэр "диваажинд" очихыг мөрөөдөөд ч хэрэггүй. Харин том компаны олонд танил боссууд, эсвэл төр засгийн мяндагтангууд бол баталгаатай авдаг бололтой.


Хэрэг болохоор наашаа гээд , хэрэггүй үедээ цааш нь түлхдэг энэ Америкийн хачин хоёр нүүртэй аашийг өөрсдөд нь ил тод хэлж байвал уг нь хэрэгтэй л баймаар. Гэвч энэ талаар манайхан гомдол гаргаж эсэргүүцэж байгаа юм алга, нөгөө бидний нүд чих болдог хэвлэлийнхэн ч олигтойхон сурвалжилж, Америкчуудын хэл амыг сугалж байгаа нь харагдахгүй л байна. Муу сайн ч Азийнхаа энэ бүсэд ардчилалыг мандуулж , олон улсын энх тайвны үйл хэрэгт идэвхтэй оролцож, энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж байгаа улс. Тэр байтугай АНУ-ыг Иракт довтлоход дэмжиж, улмаар олон улсын цэргийн хүчний харъяанд өөрийн цэргүүдийг Иракт байрлуулж байсан билээ. Аль Монгол гүрэн дэлхийд ноёлж байх үед Бат хаан нар Европ хүртэл давшиж байх үед Монголын арми Иракийн Багдад хотыг эзэлж байсанаас хойш Монголчууд хоёр дахь удаагаа Багдадыг "эзэлсэн" нь тэр юм.
Энэ мэтээр АНУ-ыг өөрийнх нь дотны найз Франц мэт нь дэмжихгүй байхад Монгол улс дэмжиж холбоотон нь болж ирсэн.

Гэтэл мань "Янкууд" хэрэг болохоороо сайн найз, холбоотон гээд л далан дээр алгадах мөртөө цөөхөн хэдэн Монголчуудаас цөөхөн хэд нь янз бүрийн шалтгаанаар нутагт нь очъе гэхээр нүүрээ буруулаад муухай аашлаад байдаг нь аргагүй ааш нь олдохгүй олон ааштай авгай нарыг санагдуулж байгаа биз?       Ер нь явах боломжтой бөгөөд хүссэн болгонд нь виз өгсөн ч яадгийн. Цөөхөн Монголчууд бүгдээрээ нүүгээд очвол гэж. Явж чадаж байгаа нь очоод харлана уу цагаарна уу хамаагүй ажил хийгээд ард үлдсэн ядуу хэдээ тэжээж байвал Монголчууд удахгүй хөл дээрээ босоход АНУ өөрөө ганц цент ч гарздахгүйгээр тус болж байгаа хэрэг болох юм.

Ерөөсөө Монголчуудыг визгүй зорчдог болгосон ч буруудаад байх юмгүй. Бусад оронтой адил ижил тэгш харьцана гэж хачин юм ярих хэрэггүй. Хэн ч гэсэн өөрийн илүү дотно найздаа арай өөрөөр хандахад бусад танилууд чинь барьцдаггүйтэй адил бус уу? Монголчууд визгүй АНУ явдаг болчихвол Хятадууд барьцах юм уу? Угаасаа Хятадуудад "элэгтэй" хандаж олноор нь оруулж ирсэний буянаар Америкийн томоохон хотуудад 5 биш, 2 алхаад л Хятад хүн тааралдаж байна.
Уг нь Монголчуудыг арай илүү анхаарч үзэж харж хандаж байвал Азийн энэ бүсэд ардчилалын эрх ашгийг хамгаалагч АНУ-ын найдвартай холбоотон нь байх юм шд, бид. Даанч энэ мэтээр олон ааш гаргаад Монголчуудын дургүйг хүргээд байвал найзлахаа болиод муудаж мэдэх юм. Америкчууд тэнэг биш болохоор аль болохоор өөрийнхөө холбоотныг алдахгүй, нэр хүндээ муутгаж өөртөө дургүй хүн нэгээр нэмэгдэхийг хүсэхгүй байх.

Жижиг дорой буурай эсвэл ядуу гэдгээр нь биш, холбоотон түнш гэдэг утгаар нь Монголд хандах хандлагаа эрс өөрчлөхгүй бол Монгол найз чинь эргээд Оростой юм уу Хятадтай гүнзгий найзлаад унавал өнгөрөө. Төв Азид Америкийн эрх ашиг энэ тэр гэж ярих аргагүй л болох вий.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.