Өдрийн сонины энэ сарын 22-ны дугаарын 3-р хуудсанд Н.Гантулгын бичсэн "Монгол бөх спорт биш, шоу бизнес болжээ" гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Ай даа, нэр нь гарсан бөхчүүд болон бусад биеэ үнэлэгч бөхчүүд боож үхэхээр юм бичжээ. Сүүлийн үед Монгол бөх нэг л биш болоод удаж байгаа тухай хүмүүс зоригтой дуугарч бичдэг болсон нь яамай даа. Харин бөхчүүдийн зүгээс Сүхбат аваргаас бусад нь ган хийсэн нь үгүй. Нөгөө гол бодлогыг нь барьж хамаг ажлыг нь нугалж байдаг эрх мэдэл бүхий байгууллага болох Бөхийн холбоо ч таг. Уг нь энэ байгууллага энэ тал дээр дуугарч байх ёстой л доо. Уг нь бол. Гэхдээ яагаад дуугарахгүй байгаагийн учрыг бүгд таамаглаж байгаа биз дээ.
Монгол бөх шоу бизнес болоод удаж байгааг хүмүүс мэдэж байгаа. Мэдсээр байж хов жив ярихаас хэтрэхгүй явж ирсэний уршгаар өнөөдөр энэ байдал засал авахаасаа өнгөрөөд өвчнөөр бол архагшсан байна. Хорт хавдар маягийн юм болчихож. Янз бүрийн эм тан өгөөд (шүүмжлэх гэж унш), эсвэл тариа хийгээд (бөхийн дүрэм журманд өөрчлөлт оруулах гэж унш) ямар ч нэмэргүй болсон учраас унтуулж байгаад хагалгаа хийж л (нэг хэсэг дампууруулах гэж унш) аврахаас өөр замгүй болоод байна.
Гэхдээ эхний үеийн "зөөлөн" эмчилгээнүүд хэрэгтэйг үгүйсгэж болохгүй. Учир нь унтуулахаас өмнө Монгол бөхийн ар гэрийнхэнийг (бөх сонирхогч ард түмэн гэж унш) сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй болгож, үүнээс өөр сайн эмчилгээ байхгүй гэдгийг ойлгуулах ёстой юм. Ийм учраас дээр дурдсан өгүүлэл чухал хэрэгтэй гэдгийг үнэлж тэмдэглэмээр байна.
Өвчин угширсаны улмаас өвчтөний биеийн байдал (Монгол бөхийн биеийн ерөнхий чалх) муудаж, улмаар заримдаа ухаан санаа нь дэмийрч хачин авир гаргах нь их болжээ. Тухайлбал, архитай их нөхөрлөж элдэв хэрэг төвөгт оролцох, нутаг нутагаараа нууц бүлэг байгуулах, сэтгэхүйн цочролд амархан орж ялагдсанаа хүлээж тахимаа өгөхгүй оргон зугтаах гэх мэт.
Хүчний спорт хөөсөн хүмүүсийн биеийн хөгжил нь тархины хөгжлөөс нь "түрүүлдэг" бололтой юм. Тархи нь муу хөгжсөн учраас ер нь жаахан "мангардуу, бүдүүн бараг" байдаг юм шиг. Тэрнээс болдог ч юм уу, зарим нь сархад зооглоод зүрх нь хөөрч өөр бусад ядуу буурайд дээрэлхдэг гэнэ. Иймэрхүү байдал нөхцөлөөс үүдсэн хэргийн улмаас 2 ч сайхан бөх өөд болсон билээ. Цагдаа алсан л гэдэг. Үнэндээ жижиг Монголын эрх ашиг талаас нь харвал хүн амын нөхөн үржихүйд (ялангуяа өсөлт хөгжил сайтай хэсгийг нэмэгдүүлэх талаасаа) их хохирол гарз тохиосон явдал болсон гээд хэлчихвэл доод эрүүгээ битгий унжуулчихаарай даа. Хэдэн цагдааг шоронд хатаагаад яах ч юм билээ.
Би өмнөх нэг өгүүлэлдээ бичиж байсан даа. Монголчууд бид "төрөлхийн нүүдэлчин" болохоор биеэ даасан, бусдаас үл хамаарах тусгаар байдалд дуртай, бор гэртээ Богд байх сонирхолтой, хар амиа хичээсэн өвөрмөц ард түмэн шд. Хамтач нийтэч байх гэсэн ойлголт мэдэхгүй, нийтийн эрх ашгийн төлөө өөрийнхөө сонирхолыг золиослоно гэж бүр ч байхгүй, өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн философитой улсууд. Энийг яаж ч хусаад арилгахгүй. Цусанд нь , генд нь байгаа юм.
Манай бөхчүүд яг энэ араншинг гаргаж дотроо талцан нутгархаж байгааг дээрх шалтгаанаар тайлбарлах юм бол уг нь гайхаад байх зүйл ч биш л дээ. Гэхдээ Монгол бөхийг спорт гэж үзвэл арай ч ийм байж болмооргүй. Одоо сүүлдээ бүр өөр нутгийн зүлгэн дээр очиж хүчээ үзсэн бөх ихээхэн хоншоортой барилдаад даваад байвал дараа нь тэр нутгийнханд "алуулах" болж таарах гээд байна. Ийм өвчний шинж тэмдэг гадаадад Наадам хийсэн Монголчуудын дунд илэрсэн дуулдана.
Саяхан болж өнгөрсөн Баянхонгорын нэг наадамд (нэг ламын нэрэмжит наадам гэсэн) нутгийн бөх түрүүлээгүйдээ бачимдан "боож үхэхээр" шийдэж тахимаа ч өгөлгүй, тугаа ч тойролгүй морио унан харсан зүгтээ давхин алга болсон тухай бишгүй бичсэн байх юм. Энэ наадамд өөр аймгийн бөх түрүүлсэнд хорссон нутгийн ардууд тэр бөхийг хот руу явах замд нь нууцаар даган мөшгиж, боломжтой газар "цааш нь харуулах" санаатай баахан дагасан гэнэ. Харин азаар мань бөх амьд мэнд Улаанбаатарт ирсэн юм байх. Нутгархах өвчин ингэж даамжирсан байна.
Бас нэг өвчин бол уначихаад тахимаа өгөхгүй (нөгөө дүрмээ уландаа гишгэж байна гэсэн үг биз?) гүрийдэг явдал. Олны нүдэн дээр уначихаад унаагүй гэж гүрийх нь 3 настай хүүхэд шиг "эгдүүтэй" гэдэг нь. Одоо бүр зарим нь дээр өгүүлсэн Баянхонгорын бөх шиг тахимаа өгөхгүй шууд хаяад алга болж байна шд. Дараа нь тэр бөхийг хаа байгаа газраас нь олж бай шагналыг нь нэмж өгч аргадах гэж бөөн юм болоо биз. Иймэрхүү "эрх" бөхчүүд олширвол тун хэцүү болохнээ. Бөхчүүдээ "хүмүүжүүлж" чадаагүй, эрх дураар нь байлгасан Бөхийн Холбоо буруутай.
Одоо нэг хэсэг "зөөлөн эмчилгээ" хийж бэлтгэж байгаад "хагалгаанд" оруулах хэрэгтэй. Хагалгааны нэр : Бойкот. Их өвдөх байх; гэхдээ өөр арга даанч харагдахгүй байна даа.
Бөх сонирхогч ард түмэндээ хандаж уриалах нь:
Та бидний уламжилж ирсэн, таалж үздэг, хамгийн хайртай үндэсний бахархал болсон Монгол бөхийн спорт хэдэн биеэ үнэлэгчидийн мөнгө олж хэтэвчээ зузаатгах арга хэрэгсэл болж хувирсаныг та бүхэн бэлхнээ харж, мэдэж байгаа бизээ. Нэг талаас бөх сонирхогч ард түмний уужуу аядуу сэтгэлийг ашиглаж, нөгөө талаас зохих байгууллагынхаа зохион байгуулалт, сахилгын сул талыг далимдуулж энэ спортыг мөнгө олох үүр уурхай болгож чадсан бөгөөд энэ "уламжлал" олон жилээр хадгалагдан ирж, улмаар улам арга нь нарийссаар архаг байдалд хүрсэн байна.
Бид хэрвээ Монгол бөхөө хадгалж үлдэе гэвэл эрс өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ. Гэхдээ элдэв дүрэм журам зохиогоод, эсвэл өөрчлөлт оруулаад ямар ч нэмэргүй юм. Мөн мянга түмэн удаа сонин сэтгүүл дээр шүүмжилж бичээд ч цочрол авахаа больсон байна. Ганц Бөхийн Холбоо хашгираад, уриалаад ч тус болохгүй. Одоо ганцхан бөхөд хайртай хүмүүсийн эрс шийдэмгий алхам л Монгол бөхийг аврана. Энэ бол Монгол бөхийг бойкотлох явдал юм.
Бөхчүүдийн толгой ажилладаг болж, зэрэг зиндаа гэхгүй үнэн сэтгэлээсээ шударга барилддаг , аливаа "хахууль" авахаас татгалзах, "биеэ үнэлэхийг" жигшүүртэй явдал хэмээн үздэг болсон тэр цагт Монгол бөхийн барилдаан тэмцээнийг үзэж эхлэвэл яасан юм бэ? Тэрнээс наана ямар ч бөхийн тэмцээнд очихоос татгалзая. Зурагтаар дамжуулсан ч үзэхгүй сувагаа сольж байя. Ирэх жилийн (2010) Наадмын бөхийг очиж үзэхгүй, мөн зурагтаар үзэхгүй байхыг уриалж байна. Шударга болдгоор нь морь сур харваа хоёрыг очиж үзсэн нь дээр. (Хурдан морины уралдааны талаар бас таагүй мэдээ, яриа гардагийг хэн бүхэн мэдэх боловч Монгол бөх шиг арай болчихоогүй байгаа; гэхдээ эрдэнэт хүлэг морио хайрлах хамгаалах, морь унадаг хүүхдүүдийн аюулгүй байдлын талаар хийх/ярих юм бий)
Ард түмэн үзэхгүй бол "биеэ үнэлэгчид" хэнд гайхуулах гэж барилдах юм? Яахав, хүсвэл хоосон Цэнгэлдэхэд хоорондоо барилдсан нэр зүүж, жүжгээ тавина биз. Хэнд хамаатай юм? Нэг байтугай хэдэн Наадам ч хийхгүй байсан яадгийн. Худлаа жүжиг үзэж, шороотой хуушуур идэж, гоожуурын усаар хийсэн ундаа нэртэй усаар гэдэсээ цэрдийлгэх гээгүй бол Цэнгэлдэх рүү зүглээд хэрэггүй. Харин гэртээ сайхан хоол идэж, айргаа уусан шиг амарч хэвтвэл илүү таатай бус уу. Бөхөөс өөр үзэх, хийх, сонсох юм зөндөө олдоно.
Ингэж байж "биеэ үнэлэгчидийг" доош нь хийхгүй бол тэд нар Монгол бөхийг "янхны газар" болгож бузарлаж гүйцлээ байна.
Цагийн аясаар бөхөд дуртай шударга хэсэг нь тунаж үлдээд сайхан уламжлалаа сэргээгээд хадгалаад явах нь тодорхой. Тийм жинхэнэ бөхчүүд хэзээ ч бөхөө хаяхгүй. Харин биеэ үнэлэгчид дахиж Цэнгэлдэхийн ногоон зүлгэн дээр гарч жүжиг тавих нүүргүй болно.
Зөвхөн Улсын баяр наадмын бөхийн барилдаанаар зогсохгүй бусад аймаг сумын бөхийн барилдааныг үзэхгүй байх хэрэгтэй. Орон даяар, газар сайгүй аливаа бөхийн тэмцээн, барилдааныг "боож" байж "хүчээр" өөрчлөлт хийх нь чухал. Энд манай бүх бөх сонирхогчидын нэгдмэл санаа , нэгэн зорилгот үйл ажиллагаа үйлчилж байж үр дүнгээ өгөх учиртай.
Ингэж "дампууруулахгүй" бол Монгол бөх энэ хэвээр байсаар аяндаа нэр хүндээ алдсаар сүүлдээ түүхэн дурсамж болон үлдэх болно. Тэр үед Монгол бөхийн тухай зөвхөн музейнээс үзэж танилцддаг болох вий. Ийм гашуун хувь заяаг эдлүүлэхгүйн тулд өнөөдөр бид "биеэ үнэлэгчдийг" шахан гаргаж Монгол бөхөө цэвэрлэж авах гээд байна шүү дээ. Ухаарагтун.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: