Хүүхдийн гуянд хайч зоодог "ээж"-ийг өмөөрөгч Тогтохням гэгч ямар хүн бэ?

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу гэж  нэг олны танил хүнийг МАХН гэдэг "мама" нь Их Хуралд авах суудлынхаа тоог  нэмэхийн тулд нэр хүндийг нь ашиглан  гишүүнээр сонгуулаад  хотод аваачаад  кноп дарагчаар суулгачихаж билээ. Уг нь тэр хүний хийж чаддаг бөгөөд мэддэг ганц ажил нь мал маллах байлаа. Одоогийн томъёоллоор бол жинхэнэ мэргэжсэн  малчин гэж хэлж болохоор хүн байсан юм.  
Хүн ер нь чаддаг юмаа хийх сонирхолтой тэр ажлаа хийж байхдаа таашаал авч байдаг. Намхайнямбуу гуай ч мөн тийм байсан гэдэгт эргэлзэхгүй байна.  Хэрэг болохоороо авч ашиглачихаад хэрэггүй болохоор нь нөгөө "мама" нь тоохгүй хөсөр хаясаныг хүмүүс мэдэх биз ээ. Насны эцэст нэгэн албан газрын жижүүр ч билүү нэг тийм ажил хийж байгаад дууссан гэдгийг санаж байна.


Хэдийгээр аливаа бичиг цаасны ажилд суралцаж, элдэв сургууль дүүргэсэн "цагаан захтан" биш байсан боловч МАХН-ын бусад луйварчин-гишүүд шиг элдэв мөнгө босгох ба унагах тухай шөнийн зүүд болж яваагүй, хээл хахууль авч авилгач болоогүй, хүү Содномдаржаагийнх нь хэлсэнээр "хүн жудагтай, дороо суурьтай дотроо бодолтой, уужуу сайхан  сэтгэлтэй" хорхойд хоргүй мөрөөрөө нэгэн байсан юм.  Энэ утгаараа тэр хүн бусад шуналын тулам-гишүүдээс хол давуу , харьцуулшгүй шударга, эгэл хүн байлаа. 

Намхайнямбуу баатрын хүү Содномдаржаа Өдрийн сонины энэ оны 5 сарын 4-ний дугаарт "Хүүхдийн төлөө байгууллагын удирдлага юу л хийгээд байна даа" гэсэн нэртэй нийтлэл бичжээ.  Энэхүү Хүүхдийн төлөө газрын дарга нь М. Тогтохням гэдэг эмэгтэй хүн байдаг юм байна.  Содномдаржаа өгүүлэлдээ  энэ Тогтохнямд хандаж, "Та цагийн сайханд Монголын төрийг түшилцэж явсан аавын минь ясыг өндөлзүүлж өөрийн  бузар явууллагадаа оролцуулахаа боль!" гэж бичжээ. Бодоход энэ Хүүхдийн Төлөө Газрын (ХТГ) дарга Тогтохням гэгч ихээхэн үл бүтэх нэгэн бололтой. Хүү рүү нь дайрахдаа  талийгаач аавынх нь нэрийг бас хавчуулж явдаг  бол олиггүй хүний зан.


Намхай баатрыг биечлэн мэдэхгүй боловч түүний тухай сонсож, хэлсэн  ярьсныг нь уншиж байсны хувьд  өөрийнхөө хүүхдүүдийг ажилсаг, төлөв даруу шударга болгож хүмүүжүүлсэн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Тийм ч учраас энэ Содномдаржаагийн хэлсэн ярьсан бүхэн үнэн гэдэгт итгэж, Монголын Хүүхдийн Төлөө Газрын удирдлага- дарга М.Тогтохням болон түүний "команд"- ямархуу үнэн нүүр царайтай болохыг уншиж мэдээд энэ тухай  хүмүүст хүргэх нь зүйтэй гэж бодлоо.  
Н.Содномдаржаа нь олон улсын SOS Kinderdorf International (Киндердорф гэж Хүүхдийн тосгон гэсэн утгатай герман үг) гэдэг байгууллагын харъяа Монгол дахь салбар  СОС Хүүхдийн Хотхон байгууллагын захиралаар ажилладаг юм байна.


Уг нийтлэлдээ Содномдаржаа захирал мөнөөх Тогтохнямаас болон түүний шууд ба шууд бус оролцоотой бусад байгууллага, албан тушаалтнуудаас үзүүлж байсан элдэв дарамт шахалт, сүрдүүлэг, саад тотгорын тухай жишээ аван тодорхой бичсэн учраас дэлгэрэнгүй унших сонирхолтой хүмүүст Өдрийн сонины 2009 оны 5 сарын 4-ний 107(3184)  дахь дугаарыг олж уншихыг зөвлөе. Харин энд  зөвхөн Тогтохнямтай холбоотой хэсгийг авч оруулсан болно.

Юуны өмнө эхлээд СОС Хүүхдийн Хотхон гэж ямар учиртай байгууллага болох тухай товчхон танилцуулъя.  Энэ нь олон улсын  SOS Children's Village  байгууллагын Зохицуулах байгууллага болох SOS-Kinderdorf International- ийн гишүүн бөгөөд  2002 онд Улаанбаатар хотод анхныхаа төвийг ашиглалтанд оруулсан юм байна. Энэ төв нь 125 хүүхэд  орогнуулах хүчин чадалтай аж.  Хагас ба бүтэн өнчин хүүхдүүд болон ядуугийн түвшингээс доогуур амьдралтай айлын хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой 2 дахь төвийг Дархан хотод барьжээ. Энэ төвийг  албан ёсны ашиглалтанд хүлээн авах ажиллагааанд  SOS Children's Village  байгууллагын Ерөнхийлөгч  Хелмут Кутин оролцсон аж. Энэ ажиллагаа энэ оны 7 сарын 8 -нд Наадмаас өмнөхөн болсон боловч угтаа бол энэ төв нь аль 2008 оны 10 сараас үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байсан гэнэ.
Түүх яривал,  1996 онд Монголд сууж байсан Итали Улсын элчин сайдын гэргий, хатагтай Моника Куарони гэгч буянтай эмэгтэй анх санаачлан энэ байгууллагын анхаарлыг Монголд хандуулсан гэдэг. Түүнээс хойш одоогийн байдлаар Монголд СОС Хүүхдийн Хотхон 2 (УБ ба Дарханд), СОС Өсвөр үеийн төв 1, СОС нийгэм халамжийн төв 1 тус тус ажиллаж байна.
SOS Children's Village  нь төрийн бус, олон улсын байгууллага бөгөөд дэлхийн 132 оронд салбар төвүүдтэй нийгмийн хөгжлийн төлөө  зорилготой,  хүүхдийн эрх, хэрэгцээг ханган дээдлэх чиглэлээр  1949 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн нэр хүндтэй хүмүүнлэгийн байгууллага юм байна.

Одоо "гол баатар"-ынхаа тухай ярианд оръё.


1. СОС Хүүхдийн Хотхонд "ээж" ажилтай Оюунсүрэн гэдэг эмэгтэй тус хотхонд амьдардаг нэгэн хүүхдийн  гуянд хайч зоож зэрлэг авир гаргасан учраас ажлаас нь халах гэтэл Тогтохням өмгөөлөлдөө авч халуулахгүйн  тулд элдэв арга  хэрэглэж байсан байх юм. (Сая 5 сард тэр "ээж-багш" халагдсан гэсэн.)  Төрийн байгууллага болох Хүүхдийн Төлөө Газрын (ХТГ) дарга Тогтохням олон улсын энэ байгууллагаын дотоод хэрэгт оролцох ямар ч эрхгүй гэдгийг сануулахын хажуугаар хэрэв хүүхдийн биед гэмтэл учруулдаг үйлдлийг зөвтгөж, гэмтэнийг (ямар ч зорилгоор бай хамаагүй) өмөөрч байгаа үйлдэл нь өөрөө энэ эмэгтэйг Хүүхдийн ТӨЛӨӨ Газрын даргын ажлаас нь  халж , харин Хүүхдийн ЭСРЭГ Газрын даргаар томилох хэрэгтэй юм байна гэдгийг нотлоод байгаа бус уу.

2. Тогтохням 2004 онд СОС Хүүхдийн Хотхон байгууллагын захиралд өөрийнхөө хүнийг шургуулчих санаатай нэр дэвшүүлсэн боловч  бүтээгүй болохоор их хорсож одоогийн удирдлагыг нь зайлуулахын тулд  элдвээр гүтгэж , дарамталж  ирсэн  гэнэ.
(Содномдаржаагаас өмнөх удирдлагыг мөн худлаа гүтгэлгээр хор найруулж гүйсээр халуулж чадсан юм байна.)
Жишээ нь: "Танай ажилчдаас  надад чиний талаар  гомдол ирүүлсэн" гэсэн  гүтгэлэг
зохиож ярих, мөн " Дэд захиралаа ажлаас нь хал! Тэр харах царайнаасаа энэ ажилд тэнцэхгүй" гэж шахах, бас " Хэрэв би хүсвэл өндөр албан тушаалтнууд эсвэл тэдний эхнэрүүдэд ганц үг чихэнд нь шивэгнэхэд  чи болон чиний хамт олон аппаратаараа  солигдож нүд ирмэх зуур  та нар ажилгүй болно. Би үүнийг чигчий хурууныхаа үзүүрээр хийнэ" гэж  сүрдүүлэн дарамталж байсан гэнэ.
Манай төр засгийн эрхэм дээдсүүд, өндөр албан тушаалтнууд Тогтохнямын дохиогоор хөдөлдөг бололтой. Зарим нэг "хөлдүү" албан тушаалтны эхнэрт нь хэлчихэд л тэр нь шөнө орондоо нөхрийнхөө чихэнд шивнээд л гүйцээ.  
Энэ Тогтохням дарга  бараг нөгөө алдарт Филатова авгайгаас дутахгүй эрх мэдэл, нөлөөтэй юм шиг санагдаад байгаа биз?

3. 2005-2006 онд СОС Хүүхдийн Хотхоныг  дараах байгууллагуудаас  шалгаж байжээ:

- Хүний эрхийн үндэсний комисс
- Нийслэлийн Цагдаагийн Хүүхдийн Алба
- Мэргэжлийн Хяналтын Газрын Боловсролын хэлтэс
- Хөдөлмөрийн харилцааны хэлтэс
- Хүүхдийн эрхийн Үндэсний Төв
- Баянзүрх дүүргийн Цагдаагийн алба
- Хүүхдийн Төлөө Газар


Хоол шиншсэн нохой шиг шалгах нэрээр ээлж дараалан ирж шинших боловч ямар нэгэн алдаа дутагдал олж чадалгүй гуринхалаад буцацгаасан бололтой. Тогтохням яаж дутахав, бас л юм шиншилж ирээд хоосон буцдаг аж. Ер нь хараад байхад  хүүхдийн нэр барьсан  энэ олон газрууд үнэндээ хүүхдийн төлөө юм хийдэг ажилтай биш харин   хүүхдийн төлөө жинхэнэ юм хийж байгаа газрыг хавсайдан гоочлох ажил хийдэг юм  байна гэж ойлгогдохоор байна.

4. СОС Хүүхдийн Хотхон байгууллагын харъяалагддаг бүсийн удирдлага болох Ази тивийн захиргаанаас төлөөлөгч ирэхээр мань Тогтохням түүнтэй дотносож, гэр бүлийн элдэв арга хэмжээ, баяр мэтэд урин оролцуулж, нэг ёсондоо мөнөөх төлөөлөгчтэй гэр бүлийн найзууд болж түүгээр дамжуулан Төв Байгууллагад нь Монголын СОС-ын удирдлагыг солих шаардлагатай гэсэн ойлголт төрүүлэх гэж элдвээр хутган найруулдаг гэсэн байна.
Жинхэнэ шуламын санаатай, өмхий муу аргатай хүний сүг гэдэг нь харагдаж байгаа биз!

5. 2008 оны 11 сараас эхлэн 2009 оны 5 сар хүртэл 7 сарын хугацаанд бас л баахан шалгалт ирсэн гэнэ:
- Хүний эрхийн Үндэсний комиссын даргын тушаалаар
- Монгол Улсын Шадар сайдын тушаалаар
- Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газрын даргын тушаалаар
тус тус шалгалтын  десантууд буужээ.


Тогтохнямын гар урт гэдэг нь харагдаж байгаа биз? Шадар сайдын ширээ  хүртэл сунаж чаддаг юм байна.
Нөгөө  ажлаасаа халагдсан "хайч" Оюунсүрэн гэгч "ээж-багш" (уг нь СОС байгууллагын хэрэглэдэг албан ёсны нэр томъёо нь "mother"  буюу "ээж" гэж байдаг юм билээ) эмэгтэйг   ажлаас нь халах юм бол Засгийн Газрын (!) нэрийн өмнөөс ярина шүү гэж шалгалтаар ирсэн (Засгийн Газрын нэрийг барьж байхыг бодоход Шадар сайдын шалгалтын хүн бололтой) нэгэн хариуцлагатан сүрдүүлж байсан гэнэ. ("Хайч" Оюунсүрэн тэр үед арай халагдаагүй байсан юм билээ.)
Тогтохням дарга Шадар сайдын авгайн чихэнд шивнээд амжсан болох нь харагдаж байна.

Дээрх ишлэлүүдээс харахад манай өгүүллийн гол баатар Тогтохням ямархуу хүн гэдэг нь ойлгомжтой болсон биз ээ. Эцэст нь захирал Содномдаржаагийн ХТГ-ын дарга Тогтохнямд  хандаж хэлсэн үгнээс хэсэглэн авсанаа сонирхуулъя:


- "...Та Монголын бүх хүүхдийн  өмнө хариуцлага хүлээсэн болохоос тэдний нэрээр бизнес хийж хувийн атгаг санаагаа хэрэгжүүлэх ёсгүй... Өнөөдөр Монголын хүүхдийн төлөө хийвэл зохих, зайлшгүй хийх шаардлагатай өч төчнөөн тулгамдсан асуудал бий.  Гэтэл тэр үндсэн үүргээ Тогтохням гуай та  умартсанаас янз бүрийн шалтгаанаар  хичнээн хүүхэд эндэж, өнчин өрөөсөн 5000 гаруй хүүхэд эцэг эхийн хайр халамж хүсэн  шар нар бор хоногийг өнгөрөөж байна.  Мөн хичнээн хүүхэд харанхуй траншейгаар гэр хийж, хэд нь гудамжинг гарч, хичнээн нь сурч боловсрох эрхээ алдан, сургууль соёл нь завсардаж байна. Хичнээн нь хүчирхийлэлд автаж байна. Хэд нь шашны урсгалуудын золиос болж амь насаараа дэнчин тавьж байна. Хэд нь ор сураггүй алга болж байна. Та энэ талаар анхаарал  хандуулдаг уу?
Хүүхдээр овоглосон байгууллагын дарга та хэдийнх нь эрх ашгийг хамгаалж, хэдийг нь амьдрах орон байртай болгов. Та нүдэнд харагдахуйц, гарт баригдахуйц ямар ажил хүүхдийн төлөө хийсэн бэ?...
...Та өнөөдөр Монголын хүүхдийн буянаар  олон улсын олон байгууллагатай хамтран ажиллаж, олон ч талаараа тодорхой хангамжинд ажиллаж амьдарч  явааг хүн бүр л харж байгаа. Яасан ханаж цаддаггүй ёроолгүй сав шиг шуналтай хүн бэ?
Та манай байгууллагыг  өөртөө хангамж өгсөнгүй хэмээн элдвээр дарамтлуулж эрээ цээрээ алдан улайрч гүйгээд хэрэггүй. Бид ядарсан хүмүүсийн амьдрал ахуйг дэмжихэд  зарцуулдаг энэ мөнгөнөөс  таны хувийн шуналыг гүйцээх хангамж танд өгөхгүй. Та биднийг хичнээн дарамтлуулсан ч  бид танд биш очих ёстой хүмүүст нь л хүргэх болно..."


Дээр хэлсэн бүхэнд тайлбар хийх шаардлага алга. Байдал ямар ноцтой байсан болон байгааг энэ хэлсэнээс ургуулаад бодчиход нэг их гүн ухаан шаардаад байхгүй болов уу.  
СОС Хүүхдийн Хотхон байгууллагын  бусад ажилтнуудад  болон тэдгээрийн ажилд мөн элдэв саад түвэг болж , тэдгээрийг элдвээр сүрдүүлдэг, загнадаг, зүй бусаар харьцдаг , байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр халддаг албан газар, албан тушаалтнуудын нэрийг  энд бас дурдах нь зүйтэй гэж бодлоо:
- Татварын Ерөнхий газар
- Хүүхдийн эрхийн Үндэсний Төв
- Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын мэргэжилтэн  Ц. Батсүрэн
      (ХХҮГ-ын дарга нь Д. Баярсайхан)
- Хүүхдийн Төлөө Газрын мэргэжилтэнгүүд   Ундрах ба Мөнхжин нар
      (ХТГ-ын дарга нь манай өгүүллийн баатар Тогтохням)
-  Шадар сайдын Хүүхдийн асуудал хариуцсан зөвлөх Жавзанхүү
- Нийслэлийн 97-р сургуулийн нийгмийн ажилтан

Монгол эх орныхоо ирээдүйн төлөө цохилох зүрхтэй, санаа зовж шаналж явдаг эрх мэдэл ба нөлөө бүхий хүмүүс байдаг гэдэгт итгэж, тэдэнд найдаж байна. Иймэрхүү байдлаар нийгмийн нэг бүлгийн нэрийг барьж хоолоо олох, бүр хэтэвчээ зузаатгах хэрэгсэл болгон ашиглаж увайгүй загнадаг бэртэгчин хүмүүсийг үтэр түргэн зайлуулж , цэвэрлэгээ хийж байхгүй бол  улс орон маань өөдлөхгүй, нийгэм илжирч өтөнд баригдаад   дуусах вий. Иймэрхүү "Хүүхдийн" нэртэй сүржин хаягтай, хийсэн ажилгүй мөртөө хийж байгааг нь элдвээр хавчдаг газрууд байх хэрэг байна уу. Татан буулгавал таарна.

  Саяхан  7 сарын 1-ний хэргээр насанд хүрээгүй хүүхдүүдийг  томчуудтай  цуг  шүүх хурлаар оруулаад ял өгөөд гаргахад хүүхэд гэдэг утгаар нь тусад нь авч үзэх ёстой гэж өмөөрч дуугарч байсан газар байна уу.  Энэ олон хүүхдүүд ядуугийн эрхээр зах зээлийн газар хүнд хүчир ажил хийгээд балчир нас, биеэрээ зовж явахад  анхаарч ажиллаж байгаа газар байна уу. Энэ мэтээр асуугаад байвал барагдахгүй олон асуулт жагсааж болохоор байна.


Гадны буяны байгууллага төр засгийн хийх ёстой ажлаас жаахан ч гэсэн хөнгөлж өгч байхад  талархаж дэмжихийн оронд бүгдээрээ нийлж байгаад дарамтлаад байдагийг олж хараад таслан зогсоох эрүүл ухаантай эрх мэдэлтэн алга гэж үү?  

Сэтгэгдэлүүд:

1. Тогтохням (зочин) | 2009-07-31 04:33:29
Тогтохням аа гэж Хөвсгөл аймгаас ирсэн авгай байх учиртай. Анх Пионэрийн Төв Зөвлөл, Залуучуудын Хороо хавиар хоолны шавхруу хайж яваад Хатгал тосгоны захирагчаар хэдэн жил ажилласан, зорьсондоо зорилготой, зоригтой харайдаг гичий чоно мөн дөө. Энхбаяр, Энхмандах, Энхтүвшингийн үеээс л тэдний хоол, наргианыг зохион байгуулж, Хөвсгөлийн эрхэмтэйгээ ор хөнжилд орсон эмэгтэй. Тиймдээ ч 2000 онд сонгуульд гудамжны Гүндалайтай өрсөлдөөд хүчиндүүлэнгүүтээ нийслэлд ирж Хүүхдийн Үндэсний Төвд жанжин болсон.
Ер нь аливаа төрийн бус байгууллагуудын нэрээр гарч ирсэн хүмүүс ихэнх нь сүүлгүй чононууд байдаг. Засгаа дарамтлан хусмыг нь долоогчид байдаг даа. Юун гуянд хайч зоогсод, тэд буудахаас ч сийхгүй, харсан ч мэдсэн ч нүдээ аниад өнгөрөхдөө эргээд рекетлэн юм салгадаг нэгэн төрлийн бизнес юм даа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.