"Оюутолгой" гэж нэг хэцүү толгой байнаа. Цаана нь бас "Таван толгой" гэж нэг толгой байгаа. Энэ хоёр толгойноос болж Монголчууд талцаад - угийн эв түнжин муутай улсыг хэлэх үү- бөөн юм болж байж сая нэг юм Засгийн газартаа гэрээ байгуулах эрх өглөө. Засгийн газартаа харин цаадах Айвенхо компанитай гэрээ хийхдээ авдаг татвараа бүгдийг нь авахаар гэрээ хийнэ шүү гэж үүрэгдсэн байна. Ямар нэгэн татварын хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн үг.
З.Энхболд гишүүний хэлж байгаагаар хэрвээ 68 хувийн гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөхөөр гэрээ хийвэл бусад оронтой хамтарсан компаниудыг ялгаварласан хэрэг болох аж. Тэгэхээр аль ч оронтой хамтарсан компани бай, бүгд л ижил нөхцөлөөр хангагдах ёстой гэж үзэж байгааг би шударга гэж бодож байна. Эрхэм гишүүний тайлбарлаж байгаагаар Айвенхо хэмээх Канадын компанид Оюутолгойг ашиглах эрхийг аль 2001 онд өгчихсөн аж. Тэгтэл яагаад өдий болтол Засгийн газартай урт хугацааны гэрээгээ байгуулаад ажлаа эхлээд явж байхгүй яасан юм гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь товчхон: Канадчууд 5 төрлийн татварын хөнгөлөлт эдэлсэн гэрээ байгуулах гээд л өдий олон жилийн хугацаанд манай зарим ихэс дээдсийг хахуульдаж ч нэг үзээд, айлгаж ч нэг үзээд, ер нь олон янзын сувгаар - тэр байтугай АНУ-ын Төрийн нарийн байсан Жеймс Бейкерийн ах нь билүү, дүүг Монголд ирэхэд нь түүгээр дамжуулж яриулж байсан гэдэг- оролдсоор өдий хүргэсэн байна.
Ингээд эцэстээ тэр санаа нь бүтэлгүйтэж сая "амаа таглууллаа". Манай Их Хурлын эрхэм гишүүд (энэ удаа ямаа гэж нэрлэхээс түдгэлзлээ) 60 гаруй хувийн саналаар татварын хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн нь Монголын урдаа барьдаг ганц нийтлэлч Баабарыг хилэгнүүлж "Оюутолгой жинхэнэ эзэндээ очлоо" гэж бичихэд хүргэв. Монголчууд хуульд заасныхаа дагуу гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авна гээд шийдчихвэл энэ Канадын компани уурлаад Монголоос гараад явчихна гэж Баабар үнэнгээсээ айгаад санаа зовоод байгаа юм уу, эсвэл Айвенхо компани мань эрийг ашиглаж өөртөө ашигтай шийдвэр гаргуулах гэж хөлсөлсөн юм уу гэдгийг хэн ч мэдэж чадахгүй, яг л Чингисийн онгон шиг үеийн үед нууц хэвээрээ үлдэх байх. Тэрийг олж мэдэх гэж хэн ч оролдоод нэмэргүй.
Айвенхо УИХ-ын саяын гаргасан тогтоолыг анхааралдаа авлаа гэсэн байна лээ. Одоо бодвол ид ярилцаж шийдвэрээ гаргах гэж ажиллаж байгаа биз. Хэрэв Айвенхо манай тавьсан нөхцөлөөр гэрээ хийгээд ордоо ашиглаад явъя гэж шийдэх юм бол Баабарыг Айвенхо-гийн "тагнуул" байсан юм байна гэж ойлгоход болох юм. Хамаг л авъяасаа ашиглаж өчнөөн л юм бичиж чадлаараа л ажилласан гэдгийг тэд нар харин үнэлэх ёстой. Эсрэгээр харин Айвенхо Монголоос гараад явчихвал Баабар үнэн юм хэлж байж шүү гэж ойлгох хэрэгтэй болно.
Тэр цагт өөр гуравдагч орны хөрөнгө оруулагч олох ажил гарна. Харин хоёр хөршийнхөө компанитай хамтрахгүй байх бодлого барих нь зүйтэй. Хэрэв Айвенхо болилоо гэхэд тэр ордыг ашиглах эрх хэнд очих вэ гэдэг асуулт байна. Дэлхийн хэмжээний стратегийн чухал ордын хувьд ашиглах эрхийг шилжүүлэх асуудал дээр эзэн орны хувьд Монгол улсын сонирхол гэж байх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл, эрх шилжүүлүх асуудал дээр эзэн орны санал, зөвшөөрлийг авах ёстой гэсэн үг. Энэ тухай эрх зүйн зохицуулалт байдаг гэж найдна.
Баабар дээр дурдсан өгүүлэлдээ хэрэв Айвенхо явчихвал Хятадууд л орж ирнэ гэж "айлгасан" байна лээ. Жаахан хүүхдийг "хадны мангаагаар" айлгадаг байв даа, дээхэн үед. (Одоогийн хүүхдүүд ч их юм мэддэг болоод тэр "мунхруулгаас" айхаа больж дээ). Тэрэн шиг. Гэхдээ мань эр жаахан дэгсдүүлсэн юм шиг байна лээ. Итгэсэн зарим нь "Цаана чинь мангаа айсуй", "Бид баларчээ" хэмээн дуу алдаж байхад итгээгүй зарим нь Баабарын өөдөөс "салаавч" гаргаж байна.
"Христэд итгэгчид" гэдэг шиг "Баабарт итгэгчид" дотроос Өдрийн сонины Ж.Гангаа гэгч нөхөр 7 сарын 24-ний дугаарт, хамгийн арын хуудсан дээр "Маш харамсалтай явдал боллоо" гэсэн гарчигтай хэдэн үг бичиж нийтлүүлжээ. Түүндээ Гангаа өнөө тусгаар Монгол улсаа аль хэдийн "Хятад нэр томъёогоор" ("Ар" Монгол гэсэн байгаа шүү!) нэрлээд зогсохгүй хойтон гэхэд Өвөр Монголтой нэгдэн баяр тэмдэглэж байх болно хэмээн муу ёрложээ. Арга ч үгүй биз дээ, Баабар "Монгол улс, Өвөр Монголын зарчмын ялгаа арилна" гээд мэдээд байхад чинь.
Гэтэл энэ бүхнийг зүгээр л "маш харамсалтай явдал" гэж нэрлээд - уг нь бол тусгаар тогтнолоо алдчихаад байгаа юм шүү дээ! - нэг л "үл тоосон" өнгөтэй хэлээд байхыг бодоход худлаа дагаж сүржигнэсэн байж мэдэхээр байгаа биз?
Эсвэл үнэхээр ийм болох юм бол Монгол хүний хувьд надад энэ явдал "харамсалтай явдал" биш, харин гутамшигтай явдал болох билээ. Хэдийгээр Монголоос хоёрын зэрэг хүн "Нострадамус" -аар тодорсон ч гэсэн баярлаад байх юм алга.
Цаг хугацаа аяндаа харуулаад өгөх байхаа. Тэр үед эргээд нэг "уулзацгаая"!

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: