Нэг хуучны Монгол уран сайхны кинон дээр гардаг даа. "Энэ нөхрийг чинь овоо засарч хүмүүжсэн юм байх гэж бодсон чинь хэвээрээ шив дээ" гэж нэг хувьсгалчийн хадам ээж айлддаг хэсэг байдаг. Би одоо яг тэр хадам авгай шиг юм хэлэх гээд байна л даа. Манай цаг уурын алба бий болсон цагаасаа хойш өдий олон жил болсон юм чинь лав мэргэжилтэй чадварлаг хүн хүч, болон орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан мундаг хүчин чадалтай болсон байх гэж боддог байсан чинь аль эртний (хэдэн оны ч юм бүү мэд) хоцрогдсон хэвээрээ болж таарлаа. Үүнийг саяхны Өдрийн сонинд өгсөн хариуцлагатай нэг даргынх нь ярилцлагаас харж болохоор байна. Тэр ярилцлагыг уншаад лав юм ойлгодог хүний үс нь босож, чих нь дэлдийж ам нь ангайна гэдэгт мөрийцсөн ч болж байна. Бид хоцрогдсон хэвээр байгаа гэдгээ ичиж зоволгүй ил тод хэлж хүлээж байвал адаглаад амьтан өрөвдөөд тусалж магад. Гадаадаас хэдэн хуучин машины сэг оруулж ирээд хотын гудамжаа түгжчихээд, жаахан газар доргиход л нураад унах сэрвийсэн хэдэн байшин барьчихаад бид хөгжөөд байна гэж арай хэлэхгүй юм байгаа биз дээ.
Энэ сарын 16 ба 17-нд айхтар устай бороо орсоны улмаас Говь-Алтай аймагт 18 хүн, Улаанбаатарт 6 хүн осолдож амь үрэгдлээ. Бид нийтдээ 24 сайхан хүнээ алджээ. Юутай эмгэнэл. Улс даяар гашуудал зарлах хэмжээний хүнд гарз тохиолоо. Гэвч гашуудал зарлах хэмжээний асуудал биш гэж үзэж байгаа бололтой,манай төр засгийн толгойнууд. Монголчууд бид одоо хэд хүрээд байгаа билээ? 2.7 сая гэж ярьж байна. Тэгвэл энэ 24 хүнээ 2.7 сая хүнд эзлэх хувиар нь тооцоод жаахан тоо бодвол энэ нь 1.3 тэрбум хүнтэй Хятадын хувьд 11000 хүн, 240 сая хүнтэй Оросын хувьд 1200 хүнээ алдсантай дүйцэхээр харагдаж байна. Хоёр хөрш маань ийм тооны хүнээ алдвал лав гашуудал зарлаж хүндэтгэл үзүүлэх байх. Гэвч манайхан "24-хөн" хүн учраас тоосонгүй. Ерөнхийлөгч, хэдэн намууд, УИХ-ын дарга гэх мэтийн хувь хүмүүс болон "хуулийн сабжектүүд" тус тусын "шугамаар" эмгэнэл илэрхийлээд өнгөрвөө. За энэ нэг асуудал нэг иймэрхүү.
Одоо хоцрогдсон цаг уурын байгууллагын тухай яриандаа эргээд оръё.
Дээр өгүүлсэн Өдрийн сонины энэ сарын 21-ны дугаарт Ус цаг уурын хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх секторын дарга Ж.Цогт гэдэг хүний өгсөн ярилцлагыг жаахан ухаж үзэцгээе. Уг нь мань хүний ярьж байгаагаар бол аадар бороо орохоос 1.5 цагийн өмнөөс телевизийн 2-3 суваг болон радиогоор анхааруулж эхэлсэн юм байна. 13 цагаас эхэлж зарлаад түүнээс хойш яг 1.5 цагийн дараа 14.30 цагт асгаж эхэлсэн байна. Бороо асгаж эхлэх хүртэл бүтэн хагас цагийн хугацаанд их зүйл амжуулж болноо. Цогт дарга хэлэхдээ "2 цагийн дотор үерийн далан дээр байгаа айлууд ямар ч арга хэмжээ авч чадахгүй шүү дээ" гэсэн байна. Буруу ярьж байна.
Арга хэмжээ гэдэгтээ юу ойлгоод байгааг сайн мэдэхгүй юм. Хэрвээ энэ хугацаанд тэдгээр айлууд гэрээ буулгаад нүүгээд явах тухай ярьж байгаа бол мэдээж амжихгүй. Иймэрхүү онц аюултай байж мэдэх үзэгдэл болох гэж байхад хамгийн гол нь иргэдийнхээ амийг осолдуулахгүй авч үлдэх л чухал гэдгийг мэдмээр юм. Эд хөрөнгө, гэр бараа бол чухал биш шүү дээ. Гол нь хүмүүсээ аюулгүй газар аваачих ёстой байсан юм.
Энэ ажиллагаанд хамрагдах улсууд бол мэдээж тэр усанд автаж болох газар (голын сайр, далангийн ойрхон гэх мэт) амьдарч байгаа хүмүүс шүү дээ.
Цаг уурынхан мэдээж энэ ажлыг хийх ёсгүй. Харин Нийслэлийн онцгой байдлын газар, Онцгой байдлын Ерөнхий газар хэмээх сүржин нэртэй даржин газрууд энэ ажлыг зохион байгуулах ёстой байсан юм. Иймэрхүү ажлаа хийж мэддэггүй, эсвэл чаддаггүй газар байх хэрэг байгаа юм уу? Гамшиг болоод өнгөрсөн хойно талийгаачдын цогцсыг цуглуулдаг, хор хохирол тооцохоос өөр ид шидгүй иймэрхүү газрууд байсан ч адилхан, байгаагүй ч адил бус уу?
Энэ газруудын гол үүрэг чинь аливаа гамшигаас ард иргэдээ СЭРГИЙЛЭХ болон аюул тохиолдсон үед АВРАХ ажлыг зохион байгуулахад оршдог баймаар юм. Хэрвээ ингэж ажилладаг байсан бол тэр болзошгүй үерийн тухай анхааруулга авсан даруйд үерийн аюулд өртөж болох газруудад амьдарч байгаа хүмүүсийг тэр газраас нь түр холдуулах арга хэмжээ авах ёстой байлаа. Энэ тухай шийдвэрийг яаралтай гаргаж, өөрийн мэдлийн хүн хүчийг ашиглах, шаардлагатай бол Цагдаагийн хүчийг дайчилж шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан иргэдийг хүчээр холдуулж "төрийн төмөр нүүрийг" харуулж ажиллах ёстой байсан юм. Энэ тухай яаж ажиллах заавар журам гэж байдаг л баймаар юм, эрхбиш нэг улс ухаантай юм бол.
Цогт даргын хэлсэнээр бол хамгийн түрүүнд Онцгой байдлын Ерөнхий газар уг болзошгүй аюулын тухай мэдэгдсэн байна. Даанч цаадуул нь гэж нэг ажлаа мэддэггүй хоосон цалин авагчид байх юм даа. Ялангуяа энэ газрын удирдлага даанч арчаагүй, зайлуулбал таарах мануухайнууд байна гэж ойлгож байна.Энэ мануухайнууд саяын гамшиг болохоос өмнө болон тэрүед яаж ажилласан тухай манай хэвлэл мэдээллийнхэн хэл амыг нь сугалаасай.
Миний бодлоор Улаанбаатар хотын тухайд цаг уурынхан тулгамдсан ч гэсэн арга хэмжээ (хүмүүсээ зайлуулах) авч болохоор хангалттай хугацааны өмнө дохиогоо өгсөн байна.
Цогт даргын ярианаас харахад, манай улсын цаг уурын алба орчин үеийн арга барил, техникээр биш, жаахан хэтрүүлбэл, долоовор хуруугаа норгож салхины чигийг тогтоодог, 2 нүдний дурангаар 4 зүг 8 зовхист дурандаж, хар үүл ирж яваа эсэхийг харж суудаг юм байна. Тэр 2 нүдний дуран нь хотын эргэн тойронд л харахаас Говь-Алтайд байгаа хар үүлийг харах боломжгүй гэнээ. Харин хотод 130 км ойртсон үүлийг бол хардаг гэж байна шүү. Харин хөдөөний цаг уурын станцуудын хэрэглэдэг "дуран" ямар хүчин чадалтайг дурдаагүй байна, гэхдээ янз нь их л муу бололтой.
Ийм байдлаар, ийм техник хэрэгсэлтэй байж яаж (цаг хугацаатай, буух газартай) тодорхой мэдээлэл өгч чадах билээ. Засгийн газар энэ байдлыг мэддэг л баймаар юм. Хэрэв тийм бол яаралтай арга хэмжээ авч, тодорхой хөрөнгө зарж боловсон хүчнийг нь бэлдэж орчин үеийн техник хэрэгслээр хангаж дэлхийн түвшинд аваачих хэрэгтэй. Манайх шиг том газар нутагтай, гамшигт өртөж болох малчид нь алс хол тархсан байдалтай амьдардаг улсад цаг агаарын маш нарийвчлалтай мэдээлэл өгөх чадвартай алба зайлшгүй шаардлагатай. Эс тэгвэл Цогт даргын хэлдгээр "22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн баруун хэсгээр бороо орно" гэсэн ерөнхий мэдээлэл хэлээд суусан хэвээрээ байх нээ. "Нутгийн" гэдэг энэ нэр томъёонд миний дургүйг яана. Аль нутагаа ч яриад байгаан бүү мэд. Бодвол "Монголын" гэсэн утгатай юм шиг. Эрхбиш хүн хүч, зэмсэгийг нь сайжруулаад өгөхөөр иймэрхүү хачин ерөнхий нэр томъёо хэрэглэдэг явдлаа болих байгаа гэж найдна.
Уг нь мань дарга маань Цаг уурын албаны ажил үүргийг сайн мэддэг нь их сайшаалтай: "Ус цаг уурын байгууллагын гол зорилго нь албан байгуллага, ард иргэдийг цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах явдал юм" гэж хэлсэн байна. Нөгөө Онцгой байдлын Ерөнхий газрын дарганцаруудыг бодвол ямар ч байсан ажлаа мэдэж байна. Ярилцлагынхаа төгсгөлд харин 21-ны өдөр зуслангуудад (Санзай хавиар) орсон том ширхэгтэй мөндөрүүдийг угтаж харж чадалгүй алдаад "хот руу оруулчихсан" бололтой юм шиг дуугарч байна лээ. "Дуран"-гийнх нь тусгалд орохгүй хаагуур ороод ирдэг байнаа? Уг нь бол 130 км дотор олоод харчихаж чадна гээд байгаа биз дээ? Тэнд станц байхгүй учраас мэдээлэл авч чадахгүй байна гэсэн байна лээ. Ерөөсөө ойлгохоо болилоо...
Сүүлдээ манай дарга маань бүр холион бантан хутгаад ярилцлагаа дуусгасан байна лээ: Мөндөр орсоны улмаас "Хохирол гарлаа гэсэн мэдээлэл одоогоор ирээгүй байна. Тэнд цаг уурын станц байхгүй учраас бидэнд мэдээлэл ирэхгүй байна. Хүмүүс цаг уурын байгууллагад мэдээлэл хэлж байх хэрэгтэй байна." гэсэн байх юм. Түрүүхэн ажил үүргээ уг нь сайн мэддэг юм шиг байсан чинь одоо болохоор юу гэнэ вэ? Ард иргэд цаг уурын байгууллагыг мэдээллээр хангаж байх хэрэгтэй байна гэв үү?! Цаг уурын байгууллага чинь хохирлын тухай мэдээлэл цуглуулдаг газар биш биз дээ. Өмнө хэлсэн юмныхаа эсрэг юм яриад унадаг нь яаж байгаа юм болоо? Мэдэх юм алга. Ажлын ачаалал ихтэй учраас мэдрэлийн ядаргаанд орсон байж магад. Тэгсэн бол ажлаасаа чөлөө авч эмчилгээ хийлгэсэн нь дээр гэж зөвлөх байна.
Юутай ч гэсэн Засгийн газраас энэ 2 байгууллагуудын (Цаг уурын алба ба Онцгой байдлын газар) хоорондын уялдаа холбоо, хамтран ажиллах чиг үүрэг, журамыг тодорхой тогтоож мөрдүүлдэг болгох хэрэгтэй байна. Ингэхгүй бол байгалийн гамшигаас болж нөхөж болшгүй хохирол үзсээр байх болно.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: