Нэг нөхөр маань саяхан утсаар ярьж байхдаа : -" Монголчууд хоёулаа байхдаа хоорондоо хэрэлдээд, гурвуулаа болохоор гурван өөр юм ярьж зөрөөд, түүнээс олон болоод ирвэл талцаж аваад хоорондоо үзэл тарж үсэрч наалддаг хачин улсууд. Тархай бутархай биеэ даасан амьдралын хэв маягтай, хамтач үзэл бодол байхгүй" гэж хэлж билээ. Мэдээж өөрсдийгөө шалтгаангүй муу хэлдэг үндэстэн гэж байхгүйн адилаар мань эр гутрангуй аястай шүүмжилж хэлсэн хэрэг. Харин "цагаан будааны" ард түмнүүд (Солонгос, Япон, Хятад, Вьетнам гэх мэт) бол эсрэгээр хамтраад будаагаа суулгачихаад, ургацаа хамтраад хураадаг хамтач сэтгэлгээтэй улс болохоор их эвсэг гэнээ.
Ерөнхийдөө бол үнэн байж магадгүй харагдаад байгаа юм шүү. Хятад, Вьетнам гэх мэт хүмүүсийг хараад байхад ер нь бол нийлж их "бөөрлөдөг" тухай жишээ зөндөө л дуулдаж байдаг. Хамгийн ойрхоноор нь, Эрээний хятадууд Монгол залууг нийлээд балбаж байхад үүнийг харж байсан Монголчууд амиа хоохойлоод юун очиж туслах байтугай хүүе хаая ч байхгүй хараад өнгөрөх буюу яваад өгч байсан юм гэнэ лээ.
Элэг нэгт ахан дүүс гэж ирээд л ярихдаа их уран сайхан донгодох боловч ачир дээрээ нутаг нэгтэндээ туслах нь тун ховор доо. Ялангуяа гадаадад байгаа Монголчууд маань "хүнээ байх" нь их болжээ. Бие биенээ хорлож ажилгүй болгодог ч гэх шиг, эр эмгүй арчаагүй хачин зан авир их гаргадаг дуулдана.
Тэгээд яагаад ийм хүмүүс тэгж их хүчирхэгжиж дэлхийн талыг эзэлж чадсан байдаг билээ? Энд хоёрхон шалтгаан байгаа байх гэж бодож байна:
1. Монголчууд амьдралын хэв маяг, орчин нөхцөлөөсөө хамаараад бусад үндэстэнийг бодвол хатуужил сайтай, ер бусын тэвчээртэй бөгөөд дасан зохицох гайхалтай чадвартай, биеийн хөгжил сайтай, өлчир чанга бие хаатай байжээ.
2. Ийм мундаг улсуудыг нэг гар доор атгаж, хатуу сахилга бат, цээрлэлийг сахиулж, ташуураар удирдахдаа гайхалтай мэргэн суу ухаан гаргаж зохион байгуулан удирдаж чадсан, "Мянганы суут хүнээр" тодорсон Чингис хаан болон түүний хөвгүүдийн ур чадварын үр дүн.
Уг нь ташуурын доор хүчээр биш, хамтач ухаанаар эв нэгдэлтэй байсан бол өдийд дэлхийн газрын зураг арай өөрөөр зурагдах байсан нь тодорхой. Эрх мэдэл, ашиг олзоо булаалдаж, мөнөөх л биеэ дааж тусгаар байх гэсэн атгаг санаандаа баригдаж нэгдмэл хүчээ тарамдуулж, зарим үед бүр өөр хоорондоо гадны (Манжийн хааны өмнөөс гэх мэт) эрх ашгийн төлөө алалдаж байсаар эцэст нь хүч нь сульдсаны гайгаар бусад улсад (Манж, Хятад, Орос) эзлэгдэх буюу дагаар орж хавсрага болж олон жилийн турш зовж зүдэрсээр өдий хүрсэн түүхтэй улс уг нь сургамж авбал авахаар "туршлага" хуримтлуулсан боловч нөгөө муу зангаа тавихгүй мөн л хоорондоо хэрэлдсээр, бие биенээ "жинхэнэ" Монгол мөн биш гэж дуудалцсаар л сууж байна. Дайнч улс болохоор хүн амаа дайнд хороож цөөлөхийн хажуугаар ламизм гээч шашны харгайгаар эрчүүд нь лам болж хүн амын өсөн үржих явц маш ихээр бууран Монголчууд бусад хөршүүдээ бодвол хүн амын тоогоор хол хоцорч доройтсон нь үнэн билээ.
"Эвтэй байхдаа хүчтэй" гэж өнөөдөр их хошгируулдаг болжээ. Үнэндээ бол "эвтэй" байснаараа Монголчууд цагийг эзэлсэн хүчирхэг байгаагүй юм. Харин дээр өгүүлсэн шиг Чингис хааны "захиргаадалтын" доор хүчтэй байсан билээ. Одоо цаг үе өөр болсон учраас тэр үеийнх шиг "захиргаадалтыг" хүмүүс хүлээж авахгүй магадлал өндөр байна. Хэдийгээр зарим иргэд "Хаант засаглал" Монголд тохирно гэдгийг олж хараад хааяахан ярих боловч "орчин үеийн боловсролтой" хэсэг нь хүлээж авахгүйгээр барахгүй,энэ бол аюултай ("буруу" хүнээ хаанаар сонгочихвол баларна) гэж анхааруулж байна.
Ардчилалыг сонгож хүний хэлэх ярихыг сайхан чөлөөтэй тавиад өгсөн болохоор өнөөдөр хэн дуртай нь хүссэнээ бурдаг болжээ. Үүний нэг жишээ бол "хуурамч" Монголыг илрүүлж олонд мэдэгдэх "компанит ажил" юм. Манай ганц урдаа барьдаг (худлаа "манжлаагүй" шүү!) нийтлэлч Баабар цэвэр цусны Монгол эсэх нь эргэлзээтэй болчихоод саяхны шинэ Ерөнхийлөгч Элбэгдоржийн адил "хужаагийн" цустай "эрлийз" гэж дуудагддаг болоод удаж байна. Ихээхэн дургүй хүргээд байвал "эрлийз" болгочихно шүү гэж айлгах маягтай болж дээ. Ингээд л энэ мэтээр нөгөө новшийн зан нь илэрч гарч ирээд байгаа болохоор ер нь энэ үндэстэн хэзээ ч бусад Азиудын адил эвсэг, хамтач болох заяагүй юм байна гэдэг дүгнэлт хийхэд хүргээд байгаа юм.
Дээхэн нэг удаа Facebook дээр Америкийн нэг мужид сурдаг нөхөртэй чаатлаж билээ. Хэд гурван үг сольж байгаад хэзээ төгсөхийг нь сонирхтол ганцхан жил үлдсэн байгаа гэдэг юм байна. Би ч төгсөх дөхөж байгаа юм байна гэж ойлгоод "Тэгвэл нохойн дуу ойртож байгаа л юм байна" гээд бичээдэхсэн чинь байдал бишдээд явчихлаа. Яагаад гэхээр, мань эрийн ойлголтоор "Нохойн дуу ойртох" гэдэг хэллэгийг ямар нэгэн муу үйл (жишээ нь, дайн эхлэх гэх мэт) эхлэх дөхсөн үед хэрэглэдэг гэнээ. Тийм болохоор би буруу газар буруу хэллэг хэрэглэсэн болж таарлаа. Би ч өдий наслахдаа ийм тайлбар сонсож байгаагүй болохоор тэр нөхрийн ойлголтыг буруу гээд нэлээн маргалаа. Сүүлдээ мань эр чинь ихээхэн дээрэнгүй сагсуу, онгироо авир гаргаж эхэлдэг юм байна. Би ч бас болсонгүй, ийм сагсуу байх нь зохимжгүй, ер нь даруухан байвал зүгээр гээд тавьчихсан чинь бас буруудлаа. Монголчууд даруу байдлаасаа болж их алддаг гэнээ. Түүнийхээр бол даруу зан гэдэг бол Монгол хүний хөгжилд их чөдөр тушаа болж байгаа юм байх. (Эрдэмтэй хүн даруу байна гэдэг чинь мэддэг юман дээрээ дуугарахгүй "ичингүйрээд" байна гэсэн үг биш, харин би их юм мэддэг гэж сагсуурдаггүй л гэсэн үг гэдгийг ялгаж салгаж ойлгох чадвар мөхөс нэгэн гэж ойлгосон.)
Тэр нөхөр бол байнга давшиж, дайрч байдагийн хүчинд сургуульдаа ихээхэн амжилт олж байгаа юм байхаа. Намайг ямар нэгэн олон улсын томоохон хурал зөвлөлгөөнд сууж үзсэн үү л гэнэ, нөгөө маргаад байсан хэллэгийг ("Нохойн дуу ойртох") Монгол хэлээ мэдэхгүй болохоор буруу тайлбарлаж байна л гэнэ. Миний тайлбарыг Бавуугийн Лхагвасүрэн зөв гэж хэлэх юм бол үнэмшье гэнээ. За тэгээд хоёулаа сүүлдээ Монголын түүх рүү халтирч (үнэндээ бол мань эр санаачилсан юм л даа) орлоо. Надаас түүхтэй холбоотой ганц асуулт асуугаад шалгалт авна гэлээ.
Чингисийн үеийн Монголын армид дайн байлдааны үед тодорхой үүрэг гүйцэтгэдэг цэргүүд байж л дээ. Нэрийг нь мартаж орхиж. Тэр цэргүүдийн нэрлэсэн нэрийг (одоо мартчихаад санадаггүй ээ би) надад хэлээд, эдгээр цэргүүд ямар учиртай, яадаг цэргүүд байсан бэ гэдэг асуулт тавьсан чинь би хариулж мэддэггүй шалгалтандаа үсрэв ээ. Тэгсэн чинь дайн тулаан эхлэх үед утаан хөшиг эхэлж тавиад тэгээд араас нь дайрч ордог цэргүүдийг тэгж нэрлэдэг байсан гэнээ.
За тэгээд шалгалтандаа унасан надад түүхээ мэддэггүй гээд "муу" дүн тавиад, түүхээ мэддэггүй хүн бол Монгол хүн биш гэлээ. Ингээд би гэдэг хүн "Монгол биш" болж хувирдаг юм байна. Амархан байна шүү. Хүлээн зөвшөөрөхгүй гээд цааш нь үргэлжлүүлээд маргаад байвал аягүй бол "эрлийз" болж мэдэхээр байсан тул тэр маргааныг зогсоосон юм. "Эрлийз" болохоосоо айсан юм биш, хамгийн гол учир нь ийм богинохон бодолтой, цээжээ дэлдсэн сагсуутай маргаж нервээ барахаа болъе гэж бодсоных. Иймэрхүү этгээд л тэр "Хятадын эрлийз" гэдэг яриаг гаргадаг болох нь тодорхой. Энэ хүний чихэнд ус ч хийсэн адилхан, алт хийсэн ч адилхан гэдэг нь илэрхий болсон учир би чаатлахаа больж билээ.
Сүүлийн үед "тамын тогооны" онигоогоор их жишээ татаж ирээд л ярих боловч сайжралыг олоод дээшилсэн зүйл огтоос үгүй. Тэгэхээр мянга яриад нэмэргүй нь харагдаж байгаа биз. Нөгөө "цусанд нь байдаг" гэдэг шиг л юм байхгүй юу!
Баабар саяхан "Авилгалын" тухай өгүүлэл бичсэнийг уншлаа. Ер нь Монголчуудын авилга авдаг, бэлэг нэхдэг, эдийн шунал бол "цусанд нь" байдаг "төрөлхийн" юм учраас эмчлэгдэх бараг боломжгүй болов уу.
Тийм ч учраас манай 76 "ямаа" ("УИХ-ын эрхэм гишүүн" гэж унш.) болон бусад төр засгийн өндөр эрх мэдэл бүхий албан тушаал хашдаг түшмэд авилга аваад, идэж уугаад болохгүй байна шд. Төрөлхийн юмыг чинь яах юм? "Сурсан юмыг сураар боож болдоггүй" гэж ч хэлдэг. Тэгэхээр би бодоод байна л даа. 76 "ямаанд" идүүлж байснаас ганц "ухна" (Монгол Улсын "Хаан" гэж унш.) орой дээрээ залчихаад идүүлж байвал арай мань мэтэд нь хүртэх үлдэц нь ахиу байх болов уу гэж. Ухаандаа ганц "ухна" бол идлээ идлээ гэхэд 76 "ямааны" идсэний дайтай идэж чадахгүй л дээ. Тооны маш том ялгаа байгаа гэдэг утгаараа.
Нөгөө талаар 76 "ямаа" маань 76 өөр юм яриад, эсвэл 76 зүг рүү зүтгээд байвал ямар ч нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй гацаж, тэгснээрээ мань мэтийн "борчууд" ("ард түмэн" гэж унш) хохироод, улс орны хөгжил урагшаа явахгүй саатаж цаг ("цаг бол алт" гэж нэг мэргэн хүн хэлсэн байдаг) алдах явдал их гарах аюултай. Үүний оронд ганц "ухна" маань хэдэн зөвлөхтэйгөө зөвлөж байгаад л ганцаараа шийдвэр гаргачихна шд. Хурдан шуурхай амар байхгүй юу. Миний бодож байгаа шиг ийм бодолтой хүмүүс зөндөө бий, гэхдээ тэд цөөнх учраас энэ байдлыг өөрчлөх боломж муу. Хэзээ бид нар 76 толгойноосоо салж ганц толгойтой болно, тэр цагт л байдал эрс сайжрах вий.
Тэрнээс наана тэгээд л бие биенийгээ элдэв бусаар дуудаад л, дэгээдэж унагаад л, доош нь татаад л, хэрэлдээд л, зодолдоод л, алалцаад л явж байхаас дөө.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: