Шинэ Ерөнхийлөгч (шинэ юм болохоор нь "шинэ" гээд байгаа болохоос биш уг нь ямар нэгэн тодотголгүйгээр зүгээр л Ерөнхийлөгч гэж болох л доо) маань анхны өршөөлийн хуулиа гаргаж, алдсан эндсэн олон хүнд дахин итгэл найдвар бэлэглэсэн буянтай хэрэг үйлдлээ. Мэдээж тэр олон хоригдсон дотор түмэн зүйлийн шалтгаанаар алдаж гэнэдсэн, халтирсан улсууд олонхи нь байгаа. Цөөн хүн амтай манайх шиг улсад олон шорон, олон хоригдол хэрэггүй л дээ. Болж өгвөл эдийн шунал, уурын мунхагаас болж хэрэг хийсэн хүмүүсийг заавал хориод байх шаардлагагүй юм. Харин тэр ноцтой ,хүнд гэмт хэрэг хийсэн, олон удаагийн хэрэгтэй "дөжирсөн" гаруудыг бол хорьж байх хэрэгтэй; уг нь зүгээр хориод тэжээх биш, бас ажил хийлгэж ашиглаж байвал хэрэгтэй л байх.
Ноднингийн 7 сарын 1-ний "үймээн" гэгчид оролцсон хэргээр шийтгүүлсэн хүмүүсийг бүгдийг нь суллах нь зүйтэй. Чулуу шидэж цонх хагалах бол Баяр сайд руу өндөг шидэж хувцсыг нь завааруулахтай утга ижил "гэмт хэрэг" юм. Харин тэр бужигнааныг далимдуулж эдийн шуналаас болж эд зүйл хулгай хийсэн хүмүүсээр тэр зүйлийг нь төлүүлж торгоод явуулах нь зүйтэй. Бусад хохирлын тухайд гэвэл тухайн эзэн хохироод л өнгөрөхөөс өөр замгүй. Тэр хохирлыг улсаас төлнө гэдэг маш буруу. Уг нь манайд даатгалын систем нь сайн хөгжсөн байсан бол тэр хохирлоо (шатсан байшин болон машин гэх мэт) даатгалаараа төлүүлээд авах байсан юм. Харамсалтай нь одоо УИХ-аас хууль гаргаж тэр хохирлыг засгаас (ард түмний татварын мөнгөөр гэсэн үг) төлөх болж байх шиг байна.
Саяын гаргасан өршөөлийн хууль дотор зөрчилтэй заалтууд байнаа. Хууль дотроо зөрчилтэй байна гэдэг чинь нөгөө хуулийн "цоорхой" гэдгийг бий болгож, тухайн хуулийг хэрэгжүүлэгч этгээд уг хуулийг хэрэгжүүлэхдээ яаж ч тайлбарлаж болох боломжийг олгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэгч этгээд (хуулийн байгууллага) өөрийнхөө үзэмжээр тайлбарлаад хүн хүнд өөрөөр хэрэглээд явна гэсэн үг.
Энэ тухай нарийвчлан тайлбарлахаас өмнө энэ өршөөлтэй холбоотой санал бодлоо хэлээдэхэе. Уг нь миний бодлоор бол 2 тусдаа хууль гарах ёстой байсан юм. Эхнийх нь Өршөөлийн хууль нэртэй бөгөөд 7 сарын 1-ний хэрэгт огт хамааралгүй хүмүүст хамаарахаар, дараагийнх нь Цагаатгалын хууль нэртэй бөгөөд 2008 оны 7 сарын 1-ний хэргээр ял шийтгүүлсэн бүх хүмүүст хамаарахаар хийсэн бол зохимжтой байсан болов уу. Яагаад гэдэг учрыг тайлбарлах гээд үзье.
Өршөөлийн хууль бол ойлгомжтой. Шинэ Ерөнхийлөгч сонгогдоод ххульд заасан эрхийнхээ дагуу алдсан эндсэн улсуудад алдаагаа засах боломж олгож хүнлэг ёсоор энэрдэг ёсон бий. Хийсэн хэрэг нэгэнт тодорхой болсон бөгөөд тэр хэрэгтээ ял эдэлж байгаа хүмүүст хамаарах хууль юм шүү дээ. Харин Цагаатгалын хуулиар 7 сарын 1-ний үйл явдалд оролцсоноосоо болж улс төрийн шалтгаанаар ял сонсож хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж суллах байсан юм.
Хоёр чулуу шидэж байшингийн цонх хагалсан юм уу зөвхөн тэнд байснаараа үймээнд оролцсон гэдгээр хэдэн жилийн ял авна гэдэг бол зөвхөн улс төрийн шалтгаанаар ялласан гэж ойлгогдохоор байна. Өөр ямар нэг айлын байшингийн цонхыг чулуугаар хага цохисон бол тэгж олон жилийн ял сонсохгүй нь тодорхой. Ингэхээр хэний байшинг шатаасан, цонхыг нь хагалсан гэдэгтээ гол учир нь байна шүү дээ. Тиймээс ч манай дүүргийн шүүгчид бүгд дээрээс өгсөн захирамжийн дагуу тэр "самуун дэгдээгчдийг" хатуу цээрлүүлж МАХН-ын "өшөө авах" хүслийг биелүүлж бах тавыг нь хангасан билээ.
Ер нь уг жагсаал буюу үймээний үндсэн санаа нь улс төрийн утга агуулгатай байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Сонгууль луйвардсаныг эсэргүүцэж жагссан юм шүү дээ. Тэрнээс зүгээр байсан МАХН-ын байшинг очиж шатаах хэнд хэрэгтэй байв гэж. Хүн гэгч ер нь дургүйцлээ илэрхийлэхдээ чулуу нүүлгэхээс авахуулаад, замд дайралдсан "гэмгүй" машин тэрэг шатаах, гарт дайралдсан юмаараа нүүлгэх энэ тэр чинь бол "нормал" шүү дээ. Хаа сайгүй л ийм юм болж байдаг.
Коммунист өв уламжлалтай манайх шиг улсад, эсвэл коммунист үзэлдээ үнэнч яваа Хятад мэтийн улсад л хагалсан цонх, шатаасан машин бүр дээр тооцоо бодож данс хөтлөх гээд байдаг болохоос биш уг нь соёлт, ардчилсан ертөнцөд тийм байдалд хүргэсэн гол үндсэн шалтгаан юмыг нь илүү авч үзэж, тэр талаас нь ханддаг юм билээ. Тэгэхээр 7 сарын 1-ний хэрэгт ял сонссон хүмүүс бол улс төрийн шалтгаанаар хэлмэгдэгсэд юм гэдэг утгаар нь ойлгож цагаатгах нь зүйтэй байсан юм.
Мэдээж "чоно борооноор" гэгчээр тэр үймээнийг далимдуулж (цуглааныг үймээн болгосон, зохион байгуулалттайгаар хутган үймүүлсэн гэдэг яриа бий шүү!) хулгай хийсэн улсуудыг жичид нь авч үзэх нь зүйтэй. Тэр улсуудыг ялгаж салгаад шийдчихэд их хүндрэлтэй биш шүү дээ. Зарим нь урьд өмнө ял шийтгэл хүлээж байсан гэмтэнгүүд ч байсан сурагтай.
Тухайн үед тэнд байсан хүмүүсийн сүүлд сонинд өгсөн ярилцлагыг уншиж байхад бужигнасан олон дотор үймээн самуунд уриалж турхирч байсан улсууд байсан гэж ярьсан байна лээ. Зарим нь бүр "Одоо Баярын гэрийг очиж шатаая" гэж орилж уриалж байсан бөгөөд тэр хүмүүс нь сүүлд нь цагдаагийн албан хаагчид байсаныг таньсан гэж ярилцлага өгсөн хүмүүс хэлсэн байдаг. Хэрэв энэ үнэн бол МАХН-ын мэргэн ухаан гаргаж тавьсан хавханд жинхэнэ жагсагчид яваад орчихсон болж харагдаад байгаа юм. Нөгөө Германы Reichstag гэдэг төрийн ордныг Хитлерийн фашистууд өөрсдөө шатаачихаад бурууг нь эсрэг хүчиндээ тохдог шиг юм болсон байх магадлалтай санагдаад байгаа биз. Аливаа юмыг яаж өөрт ашигтайгаар мушгин гуйвуулж оноо авч болдог үлгэр жишээг Коммунистууд болон Фашистуудаас сурч болохыг харуулсан жишээ.
За ингээд оршлоо эцэс болгоод хуулийнхаа тухай асуудалдаа эргээд оръё доо. Ерөнхийлөгчийн баталсан Өршөөлийн хуулийн 2 заалтын тухай ярих гээд байна л даа. Үүнд: Дөрөвдүгээр зүйлийн 4.3-д ингэж заажээ: "Болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ." Тэгвэл Наймдугаар зүйлийн 8.1.7-д уг өршөөлд хамрагдахгүй зүйл ангиудыг жагсаажээ. Энэ жагсаалтанд "бусдын эд зүйлийг булаахаас эхлээд, хулгайлах, дээрэмдэх, залилан авах", цаашилбал "хүчин, хахууль авах,өгөх, хүн алах, терроризм, мансууруулагч" гээд л бүх л хэргүүд багтсан байх юм.
Одоо би ганцхан бодит жишээ аваад, тэгээд энэ хуулийн аль зүйлд хамрагдахыг тогтоох гээд үзье. Миний таньдаг бөгөөд хөрш байсан нэг гэр бүлийн 2 бандь (өөр хүүхэдгүй) хоёулаа хэрэг хийгээд нэг нь ялаа аваад хоригдох газар руугаа явж байгаа ба нөгөө нь давж заалдаж байгаа учраас одоогоор алдарт Ганц худагт хоригдож байгаа. Ах дүү хоёр (19 ба 20-той) өөр өөр хэргээр ял шийтгүүлсэн: Нэг нь бусадтай нийлж хүн дээрэмдсэн, нөгөө нь өнгөт принтер ашиглаж хуурамч мөнгө хийсэн. Хоёулаа анх удаа хэрэг хийсэн нь энэ. Энэ хоёр хүүхэд өршөөлд хамрагдах уу гэдэг асуулт байна.
Өршөөлийн хуулийн 4.3-д зааснаар бол анх удаа хэрэг хийсэн гэдгээр хамрагдаж болмоор юм шиг мөртөө 8.1.7-д зааснаар бусдын эд зүйлийг дээрэмдсэн дүү бандь нь өршөөлд багтахгүй болчихоод байна. Ахынх нь хувьд хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн гэдэг нь ямар ангилалын хэрэгт хамаарагдахыг мэдэх юм алга. Хуурамчаар мөнгөн тэмдэгт хийх нь "төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг" гэдэг ангилалд ордог бол энэ этгээд өршөөлд хамрагдахгүй болж таарах нь. Эсвэл "хүнд гэмт хэрэг" гэдэг ангилалд ороод энэ хуулийн 5.1.1-д зааснаар "эдлээгүй үлдсэн хорих ялаас 3 жил хасуулах" юм уу. Тэгвэл анх удаа хэрэг хийсэн гэдгийг яах билээ?
Ингээд уг хуулийн заалтууд тодорхой зааг ялгаатай бус, хоорондоо холбоо уялдаагүй учраас хүн яаж ч хэрэглэж болохоор хийгджээ. Ухаандаа дээрх 2 хүүхдийн эцэг эх нь "найраа" сайн хийж , зохих эрх мэдэлтний "гарыг нь хүндрүүлж" чадвал хоёуланг нь анх удаа хэрэг хийсэн гэдэг заалтаар өршөөж болох байна. Тэгж чадахгүй бол хоёулаа өршөөлд хамрагдаж чадахгүй дүр зураг харагдаад байна л даа. Уг нь хууль бичиж зохиодог болон хэлэлцэж баталдаг улсууд нь маниас хэдэн хуруу илүү мэргэжсэн баймаар байтал ийм зөрчилтэй хууль гаргаад хэрэгжүүлэх гээд байгаад жааханаар барахгүй гайхаад байгаа юм л даа. Эсвэл би "зөнөглөөд" байна уу?
Энэ хуульд зориулж Дээд Шүүхийн тайлбар гарчээ. Харамсалтай нь энэ хуулийн "цоорхойг" бас л олж харсангүй. Дээрх хоёр заалт хоёулаа хамаарах нөхцөлд аль нь илүү давуу эрхтэй хэрэглэгдэх тухай уг хуулинд ч алга, мөн Дээд Шүүхийн тайлбарт ч алга. Түүнээс гадна бас нэг хачирхалтай нэр томъёоны учрыг олох гээд баахан мунгинaлаа. Тэр нь юу вэ гэхээр, "болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх" гэдэг томъёолол.
Бодвол энэ нэр томъёоны тухайд Дээд шүүх тайлбар хийсэн байдаг биз ээ. Миний хувьд нэр томъёоны сонголт буруу юм шиг санагдаад байгаа юм л даа. "Болгоомжгүй" хэрэг хийх гэж байдаг бол бас " болгоомжтой" хэрэг хийх гэсэн ойлголт байх гээд байна л даа.

Сэтгэгдэлүүд:
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэргээр авхаалж, чадвараа сориорой.
вэб хаяг: togloom.net
Сэтгэгдэл үлдээх: