Хүн гэдэг амьтан уг нь бусад адгууснаас ухаантайгаараа ялгардаг, түүгээрээ ч байнга "гайхуулж" байдаг боловч дэлхийд хүн төрөлхтөн үүсэж хөгжиж ирсэн энэ олон мянган жилийн түүхээс харвал нэг их дээрдээд, сайжраад байсан юм алга; зарим талаараа адгууснаас дор ч юм уу гэмээр. Адгууснаас дор гэдэг нь, адгуусанд байхгүй оюун ухаан заяасан боловч тэд нар шиг аашилж , тэд нарын амьдралын хэв жаяг, алтан дүрмийг баримталж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, оюун ухаантай адгуус болжээ. Хүн биш шүү. АДГУУС!
Адгуусны "алтан дүрэм" гэж юу юм бэ? Энэ бол "Хэн чадалтай нь түүгээрээ далайлгаж захирах, оршин тогтнох" дүрэм юм. Адгуусанд байхгүй "ШУНАЛ" гээч гаж өвчин туссан хүн төрөлхтөн, үүссэн цагаасаа эхлэн энэ өвчиндөө идэгдэн шаналж мөн ч их зовлон үзэж туулсан даа. Гэсэн хэдий ч энэ өвчин нь илааршиж эдгэсэн нь огт үгүй, харин ч улам даамжирч архаг хэлбэртээ оржээ. Энэ бол хүний уураг тархины гүнд бат бөх суусан хавдар юм. Энэ хавдар бол хүн төрөлхтөн өөрийгөө устгаж, дэлхий сөнөсөн цагт л арилахаас өөрөөр дарагдашгүй өвчин.
Үүсэн бий болсон цагаасаа эхлэн өдийг хүртэл эд баялаг, газар нутаг, эрх мэдлийн төлөө өөр хоорондоо үзэлцсээр л байна. Бидэнд мэдэгдэж байгаагаар аль Чингис хааны үүсгэн байгуулсан нэгдсэн Монгол гүрний үеэс эхлэн дэлхийг байлдан дагуулах, эд баялаг хураах шунаг сонирхол их эрч хүчтэй болж ирсэн билээ. Монголчууд ч тухайн үед бусад "сортын" хүмүүсээс дайтах урлаг, тэсвэр тэвчээрийн хувьд хуруу илүү байсан болохоор дэлхийн түүхэнд байгаагүй том нутаг газрыг багтаасан эзэнт гүрнийг байгуулж чадсан билээ. Мэдээж, үүнээс өмнө газар нутаг, эд баялагийн төлөө тулаан дэлхийд энд тэндгүй л болдог байсан. Чингис хааны үеэс өмнө Хүннү-гийн үед Монголчууд бас томоохон байлдан дагуулалт хийж байсан түүх байдаг. За тэгээд бусад улс үндэстэнүүд ч мөн адил мандах үедээ мандаж, дараа нь доройтож, салж бутарч байсан жишээ өчнөөн бий билээ.
Бусдын газар нутаг, эд баялагийг хүчээр булааж авах нь "уул шугамандаа" буруу бөгөөд энэ бол нөгөө "ШУНАЛ" гэгч хорт хавдартай нь холбоотой. Өөрийн талын хийснийг (Чингис хааны үеийн) зөвтгөөд бусдыг буруутгах нь тэнэг хэрэг. Шударга байх хэрэгтэй. Шударга байцгаая гээд манай шинэ Ерөнхийлөгч уриалаад байгаа биз дээ. Хэ-хэ.
Хүн төрөлхтөн 19-р зуунд шилжиж ороод ч дээрдсэнгүй, 20-р зуунд бүр дэлхийн 2-р дайныг "амжилттай" явуулж, нөгөө ухаантай "адгууснаас" хэдэн арван саяар нь цааш нь харуулж баахан бүтээж цогцлуулсан зүйлээ сүйтгэж, нурааж тогложээ. Түүнээс хойш ч байдал дээрдэж, амар амгалан болсон юм алга. Дэлхийн 2-р дайнаас "баатараар" тодорч "сүрийг бадруулсан" нэр бүхий улсууд одоо дэлхийн хувь заяаг шийддэг "зохицуулагч-цагдаа"-гийн дүрд тоглоод жигтэйхэн. НҮБ гээч тоглоомын байгууллагын Аюулгүйн Зөвлөл гэгчийн байнгын гишүүд болох АНУ, ХЯТАД, ОРОС, ФРАНЦ, ИХ БРИТАНИ гэсэн улсууд хэн нь хаана илүү ноёрхох буюу эрх мэдэлтэй байх тухай хоорондоо байнга өрсөлдөх мөртөө наанаа энх тайвныг зохицуулан хамгаалагчын дүр эсгэцгээх аж.
Эдгээр улсууд бүгд л одоогоор хаа нэгтээ хэн нэгэн буюу тодорхой бүлэг хүн нэртэй адгуусыг устгах ажил хийж байна. АНУ, Их Британи, Францын цэргүүд Афганистанд Талибан нэртэй адгууснуудыг устгах гээд завгүй байхад Оросууд Чечень ба Дагестанд "салан тусгаарлагч" гэж нэрлэсэн адгууснуудын мөрөөр эрчимтэй хөөн мөшгиж байна. Нөгөө нэг гишүүн болох Хятад улс хүчээр "богтолсон" Уйгар ба Түвдүүдийг алдчихгүйн тулд тэд нарт сурсан зангаараа бороохойны амт үзүүлж байна. АНУ газрын тосны "саалийн үнээтэй" болох гэсэн шуналдаа хөтлөгдөн Ирак руу дайрч орсоноос хойш хүний ба өөрийн хичнээн ч ухаантай "адгуус" хэлмэгдэв дээ. Анх дайрч орохоосоо өмнө яаж ард түмнийхээ тархийг угааж байсныг санаж байна. Ирак улс цөмийн зэвсэг хийж байгаа учраас Америкт аюул учирлаа, тиймээс өрсөж л дайрахгүй бол болохоо байлаа, Саддам Хуссейныг одоохон зайлуулахгүй бол болохгүй нь гэж хэлээд орж байж билээ. Ард түмэн нь үнэмшчихсэн, Америкийн нутаг дээр байлдсанаас Ирак руу очиж байлдсан нь хамаагүй дээр гээд цэргээ явуулахад нэг их эсэргүүцэл үзүүлээгүй билээ. Ард түмний толгойг эргүүлж, тархийг угаах шиг амархан юм хаана байна.
Ард түмнийхээ толгойг эргүүлэх тал дээр Хятадын Коммунист нам бусдад үлгэр болохоор ажлыг олон жил хийж ирсэнийг мэдэхгүй хүн цөөхөн байх. Монголыг Хятадын нэг хэсэг гэж хүүхдүүддээ багаас нь зааж байгаа улсыг юу ч гэхэв дээ. Бүр Чингис хаан бол Хятадын нэг үндэстэн учраас Хятадын хаан гэж ичихгүй сурталчлана шүү дээ. Лав л Бээжингийн бүх музейдээ Чингис ба Хубилай хааныг Хятадын Монгол хаад гэсэн тайлбартай тавьсан байдаг гэсэн. Худлаа юмыг олон удаа үнэн гээд давтаад байхаар үнэн юм шиг болдог гэдэг философоор явдаг бололтой. Тайваны бил үү, Хонг-конгийн нэг компаны сайт дээр Монголыг Хятадын бүрэлдэхүүнд оруулаад зурчихсан газрын зураг тавьсан байсан нь саявтархан шуугиан болж л байсан. Ер нь энэ түүхийн асуудлаар Монгол улсын төр засаг тодорхой байр сууриа илэрхийлж Хятадаас тайлбар авч залруулга хийхийг шаардах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол тусгаар улс гэж хий донгосоод яах билээ дээ.
Ямар арга замаар Түвд ба Уйгарыг авсан нь чухал биш, харин тэр ард түмнүүдийн сонирхолд нийцэж байна уу, хэн тэр газар дээр үеийн үед оршин амьдарч байсан бэ гэдгээр л тэр газар нутаг хэнд харъяалагдах вэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэрнээс биш, ард түмний хүсэл сонирхлын эсрэг хийгдсэн, эсвэл хуйвалдаанаар ч юм уу хүчинд автаж хийгдсэн аливаа гэрээ тохиролцоо бол шийдвэр гаргах үндэслэл биш юм.
Ийм л улсууд дэлхийд энх тайваныг "зохицуулж" байгаа юм даа. "Юу ч гэхэв дээ, жанжин минь!".
Хүчтэй хүчгүйгээ дийлж амьдардаг адгуусны хуулиар бүх юм явж байна. Оросууд Чеченьчүүдийг тавьж явуулахгүй хүчээр барьж цус урсгаад олон жил боллоо. Бас болоогүй Японы мэдлийн байсан Куриллын арлуудыг булааж авчихаад одоо болтол өгөхгүй л байна. Саяхан Японы хууль тогтоогчид тэдгээр арлуудыг Японых байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэнд Оросын зарим нэр бүхий улс төрчид уурлаж, Оросын зурагтаар бид тэр баялгаа зүгээр өгч яавч таарахгүй гэхчлэн ярьж эхэллээ. Угаасаа аль эртээс л Япончууд амьдардаг, тэдний мэдлийн газар байгаад СССР гэж байх үед Оросын мэдэлд очсон юм шиг байгаа юм. Дэлхийн 2-р дайнд дийлсэн улс гэдгээрээ түрээ барьж булааж авсан эдгээр арлуудын эзэмшлийн тухай хэрүүл дахиад л эхэллээ.
Оросууд бол хэн тэнд амьдарч байсан болон хэний өмч байсан нь огтоос хамаагүй бөгөөд дийлсэн улсын бай шагнал учраас Оросын мэдэлд байх ёстой гэж үздэг гэсэн.
Хятад ч мөн ялгаагүй ийм үзэл бодол баримталдаг. Уйгар буюу Зүүн Туркестаныг аль Манж Чин (Qing dynasty) улс гэж байх үед хүчээр дарамтлан эзэлж авчихаад тэрнээс хойш бүхий л хугацаанд тусгаар тогтнох гэсэн аливаа бослогыг цус урсган дарж ирсэн билээ. Хамгийн сүүлд сая 7 сард Уйгаруудын жагсаалыг хүчээр тараах гэснээс Хятад цагдаа ба нутгийн Уйгарууд мөргөлдөж, Урумчи хотод эмгэнэлт явдал боллоо. Зуу гаруй хүн алагдаж, 1000 гаруй хүнийг барьж хорьсон гэж мэдээлж байна. Нэгэн хотод байдаг үйлдвэрт Хятадууд 2 Уйгар ажилчныг алсан хэргийг шударга шийдүүлэх гэж анх жагссан бололтой юм. Энэ нь удаан хугацаагаар хадгалж байсан уур хилэн дэлбэрэхэд оч хаягчийн үүрэг гүйцэтгэсэн аж. Хан Хятад үндэстний дээрэнгүй үзэл, ялгаварлан гадуурхалт, эзэрхийллийг эсэргүүцэж гарсан энэ бослогыг ХКН мэдээж "салан тусгаарлагчидын" хийсэн ажил гэж тодорхойлоод аливаа мэдээлэл, дүрсийг зөвхөн өөртөө ашигтай байдлаар дэлхийд цацаж байна. Дэлхийн мэдээллийн хэрэгсэлүүд ч өөр эх сурвалж байхгүй тул зөвхөн ХКН-ын бэлдэж өгсөн мэдээллийг суваг сувагаараа дамжуулж бусдын "толгойг эргүүлж" байна.
Түвдийн хувьд ч мөн адил хувь заяа тохиож Хятадуудад дарлуулан сууж байна. Хятадууд сайндаа Түвдийг "хөгжүүлээд" өөд нь татаад байгаа биш харин тэд нарт газар нутаг хэрэгтэй учраас л тэр. Тэд нар эзэлж авсан газраа ямар ч үнээр хамгаалахад бэлэн байна. Ер нь бол хоёр л зам байна: - эсвэл Уйгарууд ба Түвдүүд хядагдаж дуусаад газар нутагт нь бүрмөсөн Хятадууд эзлэн суурьших, эсвэл тэдгээр улсууд тусгаар тогтнож энх амгалан тогтох . Байдлыг ажиглахад эхний замаар замнах нь илүү магадлалтай харагдаж байна. Энэ маань өөрөө тэр бүс нутагт маш цөөн тооны Уйгар юм уу Түвд үндэстэн үлдэж хоцрох юм уу эсвэл бүгд үхэж дуусах хүртэл амар амгалан байхгүй гэсэн үг.
Оросууд НАТО-гийн эсрэг ганцаараа хүчин сульдах тул Хятадыг хань татаж найзалсаар удаж байгаа. Хятадууд ч мөн ийм байдлаар хандаж байгаа. Саяхан Оросын телевизээр хуучин Хятадад элчингээр сууж байсан бөгөөд одоо мөн төрийн алба хашиж байгаа Игорь Рогачев гэгч нөхөр Зүүн Туркестанд (Уйгар) болсон үймээний тухай ярихдаа илэрхий Хятадыг өмөөрч, тусгаар тогтнолоо хүсэж тэмцэж байгаа Уйгарчууд ба Түвдүүдийг "салан тусгаарлагч эсэргүүнүүд" гэж нэрлэсэнээс харахад Орос, Хятад хоёр ямар ойр дотно "нөхөрлөсөн" нь ойлгомжтой.
Ийм байдлаар эзэрхий улсууд бусдад хэзээд нүдэнд орсон хог шиг үзэгдэх нь ойлгомжтой. Уг нь тэд цөөнх юм байгаа шд. Дэлхийн бусад улс орнууд иймэрхүү эзэрхий улсуудтай санаа нэгдэж тэмцэх юм бол одоогийн энэ дайн гамшиг, зовлон доромжлолыг арилгах бүрэн боломжтой юм. "Томчуудын" үгэнд орохгүй зөрүүдлэж цөмийн зэвсэгтэй болж "зиндаархах" гэсэн Хойд Солонгос, Иран, Сири гэх мэтийн улсуудыг боссууд гар нийлэн хавчин гадуурхаж, өөрсдийн эрх мэдлийг ашиглан хориг арга хэмжээ авч аль болохоор ганцаардуулан дарж авах гэж оролдож байна.
Америкчууд саяхан Хойд Солонгосчууд манайх руу пуужин тавих гэж байна гээд л бас л ард түмнийхээ тархийг угаан айлгаж ийш тийш нь зэр зэвсэг зөөж байрлууллаа. Нөгөө Иракууд Америкт аюул учруулж байна гэдэг шиг. Мөн Иран ба Сирийг цөмийн зэвсэгтэй болох гэж байна гээд нэг хэсэг бас л довтолмоор маягтай байсан чинь харин гайгүй зөөлөрсөн юм шиг байна. Вьетнамтай дайн хийж ямар гарз хохирол амссан болон учруулсаныг хүмүүс мэдэж байгаа. Израйль гэж бас нэг гай зовлонгийн үүр уурхай байна. Палестинчуудтай хэчнээн жил ч байлдаж байнаа. Тэр булааж, эзэлж авсан нутгийг нь өгөөд амар амгалан байж болдоггүй нь мөн л Еврей нарын эзэрхий үзэлтэй холбоотой. Энэ байдлаасаа болж Еврейчүүд Араб үндэстний хувьд нүдэнд орсон хог болоод байгаа билээ.
Их Британи болон Францын хувьд ч мөн тусгаар тогтнох гэсэн улс, үндэстнүүд байдаг боловч бас л хүчээр нам дарж байна.
Адгуусны үлгэрээр "хүчтэй нь хүчгүйгээ" эсвэл "том нь багаа" гэсэн байдалтай дэлхийд ноёрхож байгаа дээрх том гүрнүүдийн эсрэг "багачууд" нэгдэж л тэмцэхгүй бол амжилт олохгүй. Учир нь тэдгээр "томчууд" чинь бас өөрсдийнхөө эрх мэдэл, нөлөөгөө алдахгүйг бодож бие биенийхээ "дотоод хэрэгт" оролцохгүй гэсэн "тангараг" тавиад нэг баг болж ажиллаж байгаа юм. Тийм болохоор тэдний эсрэг "багачууд" бас нэг баг болж ажиллах хэрэгтэй. Тэр НҮБ гэдэг тоглоомын байгууллагыг жинхэнэ утгаар нь ажиллуулж, ардчилсан ёсоор олонхиор шийдвэрээ гаргадаг, тэр шийдвэрийг нь заавал дагаж мөрддөг буюу мөрдүүлдэг байх нь зүйд нийцнэ. Аюулгүйн зөвлөл гэдэг байгууллагыг татан буулгаж, цөмийн зэвсгийг бүрэн устгах ёстой. Хэн нэгнээ цөмийн зэвсгээр айлгадаг явдлыг зогсоох шаардлагатай. Аль нэг үндэстний тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар бүх гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж санал хураан олонхийн шийдвэрээр шийдэж байх нь шударга болно. НҮБ-ийн мэдэлд урьдийн адил шийдвэр хэрэгжүүлэгч зэвсэгт хүчин байх нь гаргасан шийдвэрийг сайн дурааар биелүүлээгүй тохиолдол хүч хэрэглэх боломжийг хадгална.
Дэлхийн усаар бүрхсэн газрыг бас л хэдхэн улс хувааж авах гээд хэрүүл эхэлж байх шиг байна. Өмнөд ба Хойд туйлыг түүнтэй залгаа хэдэн улс өмчлөх нь зохисгүй, харин сонирхсон бүх улс эзэмших, судлах эрхтэй байх ёстой. Иймэрхүү маргаан үүсгэж болох аливаа асуудлыг НҮБ хурлаараа хэлэлцэж шийдэж байх нь шударга болно. Ер нь байнгын ажиллагаатай Парламентын зарчмаар ажиллах нь зүйтэй санагдана. Гишүүн улс бүрийг төлөөлж байгаа хүмүүс улсаа төлөөлж цалин авч байгаа болохоор ингэж ажиллахад болохгүй юм байхгүй болов уу.
Нэг дэлхий ертөнц дээр амьдарч байж, дээр нь адгуусанд байхгүй ухаан заяасан хүмүүн гэдэг амьтан эв эеийг хичээгээд хамт амьдарч чадахгүй энэ байдлаараа байгаад байвал нэг их удаан тэсэхгүй. Зэвсгээр уралдан өрсөлдөөд одоо дэлхийгээ сөнөөх зэвсэг гаргаад авсан болохоор дэлхийн 3-р дайн гарахад л ихэнх нь үнс болох байх. Тэгээд дахиж сэхэж өндийж чадахгүй байсаар хүмүүн гэдэг амьтан устаж үгүй болох магадлалтай. Тэр цагт хамаг хураасан, цуглуулсан, дээрэмдсэн баялаг чинь "Жамц баяны авдарт байсан хэдэн халтар төгрөг" шиг л юм болох вий.
Нөгөө нэг зам нь "том" , "бага" гэлгүй бие биетэйгээ эвтэй зэрэгцэн оршиж, харилцан хүндэтгэлтэй, тусархаг байж, бие биедээ тусалж, "шунал" хэмээх тархиныхаа хорт хавдрыг авч хаяад нэгэн гэр бүл шиг байх аваас ганц оромж-дэлхийгээ сөнөөчилгүй хадгалаад хэдэн үедээ ч амар сайхандаа жаргах бүрэн боломжтой.
Аль замыг нь сонгохоо "адгууснууд" минь сайн бодоорой!.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: