Энэ удаа МАХН-ын нарийн бичгийн дарга (их том албан тушаал шүү!) нэгэн хүний өгсөн ярилцлагыг www.news.mn дээрээс товчилж аваад, хэлсэн хариулт бүрийнх нь доор би өөрийнхөө тайлбарыг
(цэнхэрээр өнгө ялгаад) зүүгээд тавьчихлаа. Уншигч та болгооно уу. Санал сэтгэгдэлээ үлдээхдээ болж өгвөл нэг их харааж ерөөлгүй бичиж үзээрэй.
МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболдтой уулзлаа.
-МАХН улс төр дэх хариуцлагын тухай ярьж эхэлсэн нь сайн хэрэг. Гэвч үүнийгээ намын удирдлагын түвшинд юу гэж ойлгож байгаа юм бол?
-Улс төрийн хариуцлагыг улс төрийн намын хариуцлага, улстөрчийн хариуцлага гэсэн хоёр түвшинд ярьж болох юм. МАХН бол Социнтернийн гишүүн, социалист чиг баримжаатай нам. Социалист чиг баримжаатай намууд мэдээж хэрэг нийгмийн халамжийн амлалтуудыг амладаг. Гэтэл өнөөдөр өрсөлдөгч нам маань нийгмийн халамжийн амлалтыг биднээс илүү амлаж байна. МАХН 1,5 сая төгрөг амлахад Ардчилсан нам сая төгрөг амлах жишээтэй. Улс төрийн ул суурьтай бодлого, чиг баримжаагүй намтай нэг орчинд бид улс төр хийж байна. Хүн амын ихэнх хэсгийг эзэлж байгаа залуучууд улс төрийн боловсрол мэдлэгээр дулимаг байна. Намуудын улс төрийн чиг баримжааг үнэлж үздэггүй, боловсрол багатай шинэ залуу сонгогчид олноор орж ирж байна. Нэг сонгуульд ялахын төлөө юу ч хамаагүй амладаг, биелэхгүй амлалт өгдөг хариуцлагагүй улстөрч, хариулагагүй намыг халах ёстой. Тийм учраас энэ байдлыг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудлыг 90 жилийн түүхтэй, илүү туршлагатай намын хувьд МАХН эхэлж ярьж байна. Эдийн засгийн энэ хямралтай байгаа энэ үед нийгмийн чиглэлийн энэ олон амлалтуудын боломж хомс байна. МАХН-д өнөөдөр тохиолдож байгаа энэ бэрхшээл Социнтернийн гишүүн бусад намуудад ч тохиолдож байгаа гэдгийг Германы Социал демократ намынхан ярьж байна. Тэнд ч бас барууны чиглэлийн намууд нь нийгмийн чиглэлийн амлалтуудыг амлаад эхэлчихсэн байна.
Ухаандаа барууны чиглэлийн намууд (Монголын Ардчилсан намаас эхлээд л) зүүний намуудыг "дуурайгаад", тэдний амлах ёстой юмыг амлаж "copy"-доод ихээхэн төвөг болоод байгаа юм байна л даа. АН "барууны" нам учраас янз бүрийн юм амлаж (1 сая төгрөг ч гэдэг юм уу) болохгүй, энийг зөвхөн МАХН л хийх "патенттай" юм байсан байна шүү дээ. Энэ АН-ынхан ер нь толгой нь эргэсэн байх аа. Эх орныхоо ашигт малтмалыг ашиглаад олсон ашигаас 1 төгрөг ч та нарт өгөхгүй гэж сонгуулийнхаа сурталчилгаагаар ярих ёстой байсан юм байна. 1 сая төгрөгний хувьцаа өгч түүний ноогдол ашгаар хүн бүр жил болгон хэдэн цаасны орлоготой болох тухай амлах эрхгүй байжээ. Тэгсэн чинь харин ийм юм яриад , жинхэнэ амлах ёстой МАХН-ыг эвгүй байдалд оруулсан боловч угийн мэргэн нам дор нь сэтгээд тэр 1 саяас нь давуулж амласанаар (1.5 сая) нэлээн олон сонгогчийг молигодож өөртөө санал өгүүлж чадсан байна. Муу ч гэсэн бас л ухаан шүү, энэ чинь.
Энэ Барсболд жаахан юм уншдаг бол одоо энэ дэлхий дээр чинь нэг их барууны нам, зүүний нам гэж ялгарахаа больсон гэдгийг мэдсэн байх ёстой. Амлалт чинь үндсэндээ ядуу орнуудын намуудын хийдэг ажил. Бусад хөгжсөн орнуудад бол намууд тодорхой чиглэлээр (татварын бодлого, гадаад бодлого, эрүүл мэндийн бодлого, даатгал гэхчлэн) хоорондоо ялгарч уралддаг. Бид тийм болтлоо өдий байна. Тийм болоогүй байж тэд нар шиг байх ёстой гэж яриад байгаа энэ хүний мэдлэг туйлын нимгэн гэдэг нь харагдаад байна. Барууны орны "барууны" чиглэлийн намууд иймэрхүү халамжийн талын амлалт аваад эхэллээ гэж бас л сайхан цуурч байна даа.
АН-ыг улс төрийн чиг баримжаагүй нам бөгөөд энэ байдлыг нь мэддэггүй мэдлэг нимгэн залуучууд олноор орж (бодвол энэ намд гишүүнээр орж байгааг хэлж байгаа байх) ирж байна гэжээ. Тэр мэдлэг муутай залуучууд улс төрийн намуудын чиг баримжааг үнэлж (бодвол, ялгаж салгаж гэж хэлэх гэсэн бололтой) мэдэхгүй байна гэж айлдсан байна. Залуучууд харин ч одоо хэн нь хэн бэ гэдгийг ойлгодог болоод байгаа.
"Хашир юм", "туршлагатай юм" (юуны туршлага яриад байгаа юм бол доо-ШУКО юу эсвэл Социалист эдийн засгийн онол уу?) гээд байхаар нь итгэл өгөөд хэдэн жил ч төр бариулав даа. 90 оноос хойш ганц л удаа ялагдаж цөөнх болж байсан биз дээ? Тэгвэл үлдсэн жилүүдэд нь эрх барьж улс орноо авч яваад одоо үр дүн юу байнаа? Ард түмнээ ядуурлаас гаргана гэх мэтээр мөн ч олон сайхан уриа лоозон гаргасан даа. Тэрүүгээрээ бол өдийд Монгол улс хөгжингүй орон болчихсон байхгүй юу! Эцсийн үр дүнг өнөөдөр хүмүүс харж байгаа биз дээ? Хүүхдүүд нь золбирсон, хүн амынх нь 90% ядуу, шоронгоор нэг залуучууд, луйварчидын "элит" давхаргатай, авилгалын торонд улс даяараа баригдаж хүлэгдсэн, хууль нь гууль болсон, хүний эрх зөрчигдсөн, шударга ёс гэж байхгүй болсон (цаасан дээр бол сайхан бичээстэй бий л дээ), ийм л улс орон болголоо шүү дээ. Энэ бол МАХН-ын эрх барьж байсан үеийн ажлын үр дүн.
Одоо хүмүүс эрхбиш дүгнэлт хийж эхлэж байна. Саяын болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль ч үүнийг харууллаа. Алийн болгон хууртах вэ? Амлалтын тухайд АН бодитой амалсан (хүн бүрд хувьцаа эзэмшүүлэх замаар Эрдэнийн хишиг олгоно гэж) , харин МАХН гэрчилгээ шиг юм тараагаад л шууд бэлэн мөнгө сонгуулийн дараа өгнө гэж амалсан. Баяр эхлээд 50000 төгрөг бэлэн амлаж байснаа АН 1 сая төгрөг гээд яриад унангуут сандарч 1.5 сая болгож өсгөсөн гэж байгаа. Зүгээр л давуулж амлахын тулд шүү дээ. Бас болоогүй, эхлээд юун 1 сая төгрөг, ямар ч боломжгүй гэж байснаа байдал бишдээд ирэхээр 1.5 сая ч боломжийн юм шүү гэж ирээд хээвнэг авдаг байгаа. Ичих зовох ч гэж байдаггүй нөхөр дөө.
Хэн юу амлахыг хэнд ч "патентлаагүй", гэхдээ бодитой л амлах хэрэгтэй. Давж дуугарахын тулд биш. Бид нар зүүний нам учраас амлах ёстой, "барууныхан" дуугүй бай гэж хэлж байгаа энэ эрхэм даанч өрөвдөлтэй. Улс төрийн нам гэдэг чинь ганц иймэрхүү амлалтаараа ялгардаггүй юм. Цаана нь өчнөөн үзүүлэлт, шалгуурууд байдаг юм даа. Сонгуульд ялахын тулд юу ч хамаагүй амалдаг, биелэхгүй амлалт өгдөг хариуцлагагүй улс төрч ба намыг халах (хориглох гэж байгаа юм болов уу?) ёстой гэсэн байх юм. Энэ чинь харин зөв санаа шүү. МАХН энэ шалгуураар хамгийн түрүүнд татан буугдах ёстой нам даа. Ганцхан асуулт асууя: Ард түмэн ядуурлаас гарч уу? Хариулт: Гараагүй. За тэгвэл МАХН-ыг "огцруулсугай".
-Танай намын хувьд дотооддоо улс төрийн хариуцлагыг ямар түвшинд ярьж байгаа юм бэ? Тухайлбал өнгөрсөн сонгуулиар дүнтэй холбогдуулж...
-Улс төрийн намын хувьд хариуцлага алдсан гэж хэлж чадахгүй. Улстөрчдийн хувьд гэвэл Монголд цөөхөн тооны олонд танигдсан улстөрч байгаа шүү дээ. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Сайхан ярьж чадна гэдэг ч бас хариуцлагын эхлэл. Ярьсны эцэст амлалтаа хэрхэн биелүүлж байна гэдгээр хариуцлагатай, хариуцлагагүй нь харагдана.
Тиймээ. Хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Сайн муугаар танигдсан хүмүүс олон бий. Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчид дүнгээ тавилаа шүү дээ. Ялагдсаныхаа учир шалтгааныг хэлж мэдэхгүй байгаа бол хэлээд өгье: 1. МАХН олон жил төр засгийн ажлыг туйлын муу хийж ирсэний уршиг 2. Нэр дэвшигч нь бас л муу нэртэй болсон (2008 оны 7 сарын 1-ний үеэр асуудлыг зохицуулж чадаагүй, авилгалыг манлайлан өөгшүүлсэн гэх мэт) Ерөөсөө ийм л 2 шалтгаан байна. Ёстой энэ нөхрийн хэлдгээр ярьсны эцэст амлалтаа биелүүлж чадаагүй учраас ард түмэн МАХН-д муу дүн тавьсан хэрэг. Хэлэх үггүй учраас асуултанд шууд хариулахаас булзаад байгаа нь ойлгомжтой.
-Танай нам дотроо бас намын шинэчлэл, шинэ боловсон хүчнээр цус сэлбэх тухай яриад эхэлчихсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа. Энэ чинь хэн нэгэнтэй хариуцлага тооцно гэсэн үг биш үү?
-Дотоод шинэчлэл ярьдаггүй нам гэж байдаггүй. Яагаад гэвэл нам бол улс төрийн амьд организм. Тийм учраас байнга шинэчлэл явах ёстой. Шинэ залуу боловсон хүчин гарч ирэхийн хэрээр тэд өөрсдөө лидерүүдээ тодорхойлоод явна. Гэхдээ бид үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас биш, 2007 онд хуралдсан намын 25 дугаар их хурлаас хойш ярьж байгаа. Энэ хурлын дараа намын боловсон хүчнийг сонгох хоёр үе шаттай маш том судалгаа явуулсан. Хамгийн ардчилсан зарчмаар явуулсан судалгаагаар гарч ирсэн сайн улстөрчид одоо намд алба хашиж байгаа.
Тэр судалгаагаар гарч ирсэн хамгийн сайн улс төрчид гэдэг дотор мань эр цохиж яваа нь тодорхой. Энд хэлсэн ярьсанаас нь үзэх юм бол иймэрхүү хүнийг сайн гэж цоллоод байгаа МАХН хөөрхийлөлттэй. МАХН боловсон хүчин сайтай нам гээд өөрийгөө рекламддаг нь худлаа болж таарах нь.
-Хариуцлагагүй улс төрийн тухай ярихдаа та сөрөг намынхаа талаар их ярих шиг боллоо. Гэтэл намын жигүүрийнхэн, хэсэг гишүүдийн яриад байгаа “Сонгуульд ялагдуулсан намын удирдлага хариуцлага хүлээх ёстой” гэдэгт ямар хариу өгөх вэ? Чихнийхээ хажуугаар өнгөрөөчих үү?
-Манай нам бол дэндүү ардчилсан нам. Шинэ Үндсэн хуулийг баталсан АИХ-ын 400 гаруй гишүүний 70 хувь нь МАХН-ын гишүүд байсан. Ардчилсан биш байсан бол яалаа гэж батлах вэ дээ. Гэхдээ аливаа эрх барьж байгаа намд үргэлж алдаа оноо байдаг. Намын 25 дугаар их хурал маш ил тод болсон. Бүх радио телевиз, хэвлэл мэдээллийнхнийг оруулж байгаад нээлттэй хийсэн. Гэтэл манай улстөрчдийн намынхаа дотоодод ярьсан бүх зүйлийг саяын сонгуулиар бидний эсрэг ашигласан. Бид намаа дэндүү ардчилчихсан. Намын шинэчлэл, дотоод ардчиллыг бид анхаарч байгаа учраас тэдний хэлж байгаа санал бодлыг буруу зөв гэхгүй. Шат шатны хурлаар хэлэлцээд эцсийн шийдвэрээ гаргана. Тийм учраас намын даргаа огцруулья гэж ярьж байгаа нь МАХН сайн байгаагийн, ардчилалтай байгаагийн шинж. Манайх шиг ярьж байгаа өөр нам байна уу.
Энэ хэлсэн юмыг нь уншаад МАХН-ын жаахан гэгээрсэн хэсэг нь ичиж үхсэн байх аа. МАХН бол "дэндүү ардчилсан" нам гэнээ. Хэтэрхий "ардчилчихсан" гэж юу гэсэн үг юм болоо? Тэгвэл "бага зэрэг" ардчилсан, "дунд зэрэг" ардчилсан, "хэвийн ардчилсан" гээд олон зэрэглэл байх нээ? Үгүй ээ бас гайхалтай юм. Дэндүү ардчилсан болохоор намынхаа Их хурлыг нээлттэй хийгээдэхсэн чинь буруутаад, тэр хурал дээр ярьсан хамаг юмыг нь тэд нарын эсрэг ашиглаад сонгуульд ялагдуулж орхисон юм байна шүү дээ. Тэр хурал дээр дотооддоо ярьж байгаа юмыг нь яах гэж гадагшлуулдаг хар тэнэг сэтгүүлчид вэ. Дэндүү сайхан ардчилсан болохоор дэндүү элэг барьсан байна шүү, хөөрхийсийг.
Дэндүү сайхан диктатуртай нам гэвэл харин үнэнд дөхөж магадгүй. Ярих ч гэж сайхан донгодох юм даа. Нөгөө муу жигүүрийнхээ нэрийг ийм юман дээр ашиглахгүй бол өөр хаана ашиглах билээ. "Манайх шиг даргаа огцруулъя гэж байгаа нам байна уу?" Ингээд та нар огцруул гээд нөгөө Ерөнхий нарийн дарга Хүрэлсүх нь тэр жигүүрийнхээ нэг нөхрийг тас хийтэл алгадаад унагасан гээ биз дээ. Харин сайхан чөлөөтэй нам ч юм уу, махан бодиороо үзээд л..
-Сонгуулийн үр дүнгийн тухай хийсэн саяхны нэг дугуй ширээний яриан дээр танайхан “Нам ялагдуулсан, нэр дэвшигч өөрөө ялагдуулсан” гээд нэг хэсэг маргасан байсан. Таны тухайд юу гэж бодож байна?
-Яах вэ, ярьж л байг. Дугуй ширээний ярилцлага дээр хэн ч ярьж болно. Та ч орж ирээд ярьж болно. Гэхдээ бодит байдалтай бол аль нь ч нийцэхгүй байгаа байхгүй юу. Тийм учраас дараа нь намын эрх барих байгууллага хуралдаад асуудлаа шийднэ.
Юм л бол намын эрх барих байгууллага гэж ирээд л сүржигнэх юм. Асуудлаа шийднэ ч гэх шиг. Сонгуульд ялагдсан шалтгааныг би дээр хэлж өгсөн байгаа. Тэрийг олоод унших байх гэж найдаж байна. Эсвэл хэн нэгэн найз нь олж уншсан бол энэ нөхөрт дамжүүлаад хэлчихээрэй. Намын Төв Хороо хуралдаад шийдэх нь л дээ. "Саяын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг дор дурдсанаар тогтоосугай" гээд л тогтоол унших нь дээ. Бодит үнэнийг хүлээн зөвшөрөхөөс айдаг хүмүүс нэг иймэрхүү л хариулт өгч амиа аргацаахаас өөр яахав.
-Түрүүн та “боловсрол мэдлэг нимгэн олон залуу сонгогчид орж ирж байна” гэж хэлсэн. Тэгэхээр энэ сонгуулийн дүнд сонгогчид буруутай гэж үзэж байгаа хэрэг үү? Магадгүй 1996 оноос хойш хүлээсэн МАХН-ын анхны ялагдал их эмзэг тусчээ гэж ойлгож болох уу?
-Би тэгж хэлээгүй. Харин ч ялагдал бол ялалтын эхлэл гэж үг байдаг шүү дээ. Ирэх 2012 оны сонгуульд МАХН ялна, бүр үнэмлэхүй ялна шүү. Манай намд тийм боломж байгаа. Яагаад ард түмэн биднээс үргэлж хариуцлага нэхдэг юм бэ. Айлд нэг сайн хүүхэд байдаг, бусдыгаа чирж явдаг. Костюм өмсөөд, ажил хийгээд явдаг. Гэтэл зөндөө олон бүтэлгүй хүүхэд байдаг. Эцэг эхчүүд хэзээ ч тэднээс хариуцлага шаарддаггүй. Болж бүтэж байгаа ганцаасаа л хариуцлага шаарддаг байхгүй юу. Дүү чинь эхнэрээсээ салаад ирлээ, чи байр авч өг. Энэ дүү чинь сургуульгүй хоцорлоо, чи олж өг гэдэг. Манай нам тийм л нам байхгүй юу. Ард түмэн МАХН-д итгэдэг, итгэдэг учраас хариуцлага ярьдаг юм.
Бас л сийхгүй авч байнаа! Ард түмэн МАХН-д итгэдэг гэдэг үг чинь одоо моодноос гарсан гэдгийг ойлгоогүй л нөхөр байна даа. Итгэдэг байсан гэвэл харин магадгүй. Одоо "бухын доодохыг" харж олон жил өлөн ходоодтой дагаж гүйлээ, болоо юм биш үү. Бас юманд чинь хязгаар гэж нэг юм байдаг, ард түмэн цөхөрч байна.
Харин хариуцлага тооцохын тухайд ард түмэн хариуцлагаа тооцож эхлээд байна шүү дээ. Саяын сонгуульд муу дүн тавилаа. Одоо дараагийн Их Хурлын сонгуульд бас муу дүн тавина. Энэ чинь та нартай тооцох ард түмний хариуцлага. Намын чинь хувьд шүү дээ. Харин идсэн уусан луйварчингууд нь шоронд явах ёстой. Энэ удаагийн ялагдал бол та нарын сөнөлтийн эхлэл гэвэл харин үнэн байх. "Ялагдал бол ялалтын эхлэл" ч гэх шиг сайхан дураараа зүйр цэцэн үг зохиох юм даа.
Айлд байдаг ганц сайн хүүхэд нь МАХН юм биз дээ? Костюм өмссөн гээд байгаа бас. Бусад нь бүтэл муутай, уранхай хувцастай юм биз дээ. Жинхэнэ Монгол хүмүүс харин эсрэгээр ярьдаг юм шүү, Барсболдоо! Олон хүүхэдтэй айлд нэг нь жаахан бүтэл муутай, хэл ам таталдаг хүүхэд байдаг гэж ярьдаг. Гэхдээ энэ бол нийтлэг юм биш л дээ. Гэвч тийм тохиолдол мэр сэр байдаг учраас ингэж ярьдаг байх.
Харин энэ нөхрийн зүйрлэл бол МАХН-ыг "сайн хүүхэд" болгох гэж зориуд эсрэгээр гуйвуулсан зохиол байна. Эсвэл мэдлэггүйгээс болж буруу ярьсан байж болох юм. Өөрийнх нь намынхан уншаад толгой сэгсэрч байгаа даа.
МАХН 2012 онд үнэмлэхүй ялат байгуулна гэнээ. Ингэж мөрөөдөж байнаа гэсэн бол бас хөөрхий гэж хэлмээр санж. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэгчээр. Харин баталгаатай ялна гэж ирээд "Ванга" авгай шиг аашилдаг байна шд. Сумтай байж мэдэхээр хүн байна. Ер нь намынх нь дарга Баярт зөвлөхөд, энэ Барсболд шиг чухал кадруудаа сард нэг удаа ядаж мэдрэлийн мэргэжлийн эмчид зохион байгуулалттай үзүүлж баймаар юм. Нам, нам гэж гүйсээр байгаад бүр янз бүрийн хий юм үздэг, далдыг хардаг гажигтай болж байгаа юм биш үү, эхнээсээ!
-Долдугаар сарын 01-ний үймээнээр амиа алдсан хүмүүсийн төлөө улс төрийн намууд хариуцлага хүлээх ёстой, ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэдгийг иргэний ниййгмийн байгууллагууд үргэлж шаардсаар ирсэн. МАХН яагаад жишээ нь уучлал гуйгаагүй юм бэ?
-Долдугаар сарын 01-ний хэргийг Монголын төр, төрийн байгууллагууд эхлээд шалгаж, хэн юу болсон бэ гэдгийг тогтоох, шийдвэрээ гаргах ёстой. Үүний дараа аль нам нь уучлал гуйж, аль нам нь хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг ойлгомжтой болно.
Сонгууль луйвардаж ард түмний дургүйцлийг хүргэж ийм юманд хүргэсэнээрээ МАХН нүгэлтэй. Ер нь энэ нам ядаж сонгуульд л шударга өрсөлдөж чадахгүй байгаа юм даа. Яагаад гээч? Яагаад гэвэл хэрэв шударгаар үзэх юм бол нам тавиулна гэдгээ мэдэж байгаа учраас тэр. Тийм болохоор л элдэв арга хэрэглэж, архи пиво өвөрт нь хийхээс өгсүүлээд л улайм цайм бэлэн мөнгө тарааж, саналын хуудас засаж, өөр хүнээр хуурамч санал өгүүлэх гээд л ямар л муу арга байна тэрийг сэтгэж суудаг хүмүүс дээ.
Цагдаа буудаад алчихсан гэдэг нь тогтоогдсон болохоор МАХН-ын байгуулсан засаг буюу түүний толгойлогч Баяр хариуцлагаа хүлээж огцрох байхаа. Тэр цагдаа чинь засгийн мэдлийн хэрэгсэл биз дээ? Тэр засгийн толгойлогч нь хэн байсан юм?
Логик нь ойлгогдож байгаа биз ? Жаахан ч гэсэн ичих нүүртэй, улс төрийн соёл гээч юмыг гадарладаг бол Баяр шууд огцрох ёстой. Эс тэгвэл ямаршуу дүүрчихсэн амьтан бэ гэдгээ таниулж байгаа гэсэн үг .
Б.СЭМҮҮН